ЭМЯ-аас ‘COVID-19’ цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга Хурандаа Н.Лхагвасайханы мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр “Иргэдийг агаар, төмөр зам, авто замаар татан авах ажиллагаанд цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 10828 албан хаагч ажиллаж байна. Мөн транзит тээврийн автомашинууд цасанд суух асуудал гарахад очиж ажилласан. Цаг агаар хүндэрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
Монгол Улсын иргэд өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирж, тусгаарлах байранд байхдаа зөрчил гаргасаар байна. УОК болон Шуурхай штабаас үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулсны ачаар иргэд тусгаарлах байр, хоол ундаа голох асуудал намжсан ч тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгох хүсэлт гаргах нэрийдлээр “Амар” зочид буудалд байсан иргэд эмч, албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хаалгаа нээж, өрөө хоорондоо холхих зэрэг зөрчил гаргасан. Мөн “Ворлд Монголиа” зочид буудалд Токиогоос ирсэн хоёр иргэн согтууруулах ундааны зүйл нууж ороод, түүнийгээ хэрэглэн хамгаалалтын улаан бүсийг давж зөрчил гаргасан. Эдгээр зөрчилд тусгаарлалтаас гарсны дараа зохих арга хэмжээ авна” гэж хэллээ.
Л.Баяр