Монгол Улсын 2020 оны эхний есөн сарын эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Mөнгөний нийлүүлэлт энэ оны есдүгээр сарын эцэст 22.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд, валютын хадгаламж 2.2 их наяд төгрөгөөр буюу 74.7 хувиар өссөн, төгрөгийн хадгаламж 779.6 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харин бага мөнгө 2020 оны есдүгээр сарын эцэст 3.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 158.9 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 254.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Бага мөнгөний 2.9 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 0.7 их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны есдүгээр сарын эцэст 950.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх сараас 21.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 60.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байна.
ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан “Төгрөгийн хадгаламж 2020 оны есдүгээр сарын эцэст 11.6 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 216.9 (1.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 779.6 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Төгрөгийн хадгаламжийг ангилан харвал:
- 89.4 хувь буюу 11.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж
- 10.6 хувь буюу 1.2 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж
Харин валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 438.8 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буюу 74.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэлээ.