Нэр хүндтэй Харвардын их сургуульд элсэн суралцах эрхээ аваад байсан 10 элсэгч тус сургуульд суралцах эрхгүй болжээ.
Элсэгчид Харвардын шинэ оюутнуудын мэдээлэл солилцдог фэйсбүүкийн бүлэгт бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн аллага, Холокостын сэдэвтэй зураг солилцож, тийм агуулгатай зураг ашиглан бие биеэ тохуурхах зэргээр харилцаж байсан нь баримтаар нотлогдсон байна.
Тэдний зүй бус үйлдлийн талаар шинэ элсэгчдийн зарим нь сургуулийн захиргаанд мэдэгдэж, солилцож байсан мессэжүүдийн дэлгэцний хуулбарыг үзүүлснээр асуудлыг шалгаж эхэлсэн аж.
Харвардын захиргаа элсэгчдийг хүлээж авахаас татгалзсанаа тайлбарлаад, хувь хүмүүсийн нэр усыг дурдаагүй гэнэ.
Сургуулийн дотоод дүрэмд шинэ элсэгчдийн төлөвшил, ухамсар, ёс зүйн байдлаас хамааран элсүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг аж.
Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээнд тус сургуулийн энэ шийдвэрийг эерэгээр хүлээн авчээ. Тэдний зарим нь залуу үеийнхэнд анхааруулж “саваагүй зүйлээр мөрөөдлөө бүү устга”, “сошиал сүлжээний нийтлэлүүд хувийн хэргийн чинь нэг хэсэг боллоо” гэжээ.