Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Энэ жил Хөвсгөл аймгаас нийтдээ 531, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 41, Хоёрдугаар зэргийн одонг 490 ээжид тус тус хүртээсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Монголын сайхан ээжүүд ээ,
Энэрэл, хайрын дээд ачит эхчүүд ээ,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, бидний хамгийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг төрүүлэн өсгөж, эрүүл бие, саруул ухаантай иргэдийг хүмүүжүүлж байгаагаараа эхчүүд Та нар эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хосгүй их хувь нэмэр оруулж, үнэмлэхүй хөрөнгө оруулалтыг хийж байдаг.
Ийм ч учраас монголын төр ээжүүддээ жил бүр талархал илэрхийлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг.
Хэдийгээр энэ жил цар тахлын улмаас “Эхийн алдар” одонг цаг хугацаанд нь гардуулж чадаагүй ч засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн юм.
Өнөөдөр Хөвсгөл аймгаас нийтдээ 531 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 41 ээж, Хоёрдугаар зэргийн одонг 490 ээж тус тус хүртлээ. Хөвсгөл нутагт ажиллах үеэрээ Та бүхний одонг гардуулан өгч, амьдралын тань мартагдашгүй нандин мөч, баяр баяслаас хуваалцаж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Өнөөдөр Та бүхний баярын, бас бахархлын өдөр юм шүү!
Гэхдээ, эхчүүд Та бүхнээр жилдээ нэг өдөр бахархаж, төрийн хуулийн дагуу Алдарт эхийн одон өгч алдаршуулах нь нэг хэрэг. Харин Та бүхний цаг наргүй хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэсэн чанартай, хүртээмжтэй бодлого боловсруулж, түүний хэрэгжилтийг хангахын төлөө бүхий л түвшинд үр дүнтэйгээр ажиллах нь өөр хэрэг. Өнөөдөр төр энэхүү үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх аа.
Тийм ч учраас миний бие энэ чиглэлд санаачилгатай ажиллаж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээх, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид ч хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой өгөхийн хамт ээжүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг дорвитой шийдэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд бодлого боловсруулагчидтай хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Хөвсгөл аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.