Аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 605 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 470 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Эдгээр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Ослын улмаас 4 хүн гэмтэж, зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, аравдугаар сарын 10-ны 23.30 цагийн орчимд Архангай аймаг Их-Тамир сум Тайхар баг/ сумын төвөөс урагшаа 2,5 км/ асфальтан замд Nissan X-Trail маркийн машины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон.
Мөн аравдугаар сарын 11-ний өдөр 16.40 цагийн орчим Завхан аймгийн Идэр сум, Дархан-Уул баг “Ацын даваа” /сумын төвөөс зүүн хойш 12 км/ шороон замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Б амиа алджээ.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.