Ирэх онд Шанхайд болох барилгачдын дэлхийн ур чадварын тэмцээнд Баянхонгор политехник коллежийн оюутан А.Оюунмөнх эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
А.Оюунмөнхийн хувьд одоо 17 настай. Барилгын засал, чимэглэлийн чиглэлээр суралцдаг. 13 настайдаа барилгын салбарын мэргэжилтэн болно хэмээн зорьж, улмаар энэ чиглэлээрээ суралцаж байгаа юм. Дуртай мэргэжлээ сонгож, дуртай ажлаа хийж, тодорхой хэмжээнд амжилттай ажиллаж байгаагаараа бахархаж байгаа хэмээн тэрээр ярьсан юм. Мөн гар бие оролцож барьсан барилгаа дараа нь харах л хамгийн сайхан гэсэн юм.
Баянхонгор политехник коллежийн оюутан А.Оюунмөнх “Гар бие оролцсон барилгаа бүрэн ашиглалтад орсон байхыг харах л хамгийн сайхан. Би дөрвөн жил барилгын чиглэлээр ажиллаж байна. Ихвэчлэн барилгын засал хийдэг байсан. Энэ зун өрлөг хийсэн” хэмээв.
2021 онд болох Барилгачдын дэлхийн ур чадварын тэмцээний хувьд 22-оос доош насны барилгачид оролцоно. Баянхонгор аймагт болсон ур чадварын тэмцээнд түрүүлж, Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийн төлөө үе тэнгийнхээ барилгачидтай өрсөлдөн ийнхүү ирэх онд Шанхайг зорих гэж байна.
А.Оюунмөнхийн гэр бүлд нь барилгын салбарын мэргэжилтэн байхгүй. Гэхдээ энэ салбарт ажиллах чанартай боловсон хүчин болгохын тулд гэр бүл маш сайн дэмждэг гэлээ. Түүний хувьд засал чимэглэлээс гадна өрлөг угсрагчийн мэргэжлээр давхар суралцаж, ажиллаж байгаа юм.