2020 оны утга зохиолын Нобелийн шагналыг яруу найрагч Луиз Глюк хүртэх болсон. Америкийн орчин цагийн утга зохиолын төлөөлөл болсон түүний шүлгүүдээс зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын орчуулгаар хүргэж байна.
ХУУРМАГ ЖҮРЖ
Энэ бол сар биш, би хэлж байна.
Энэ бол хашааг гийгүүлэгч
тэр л цэцэгс.
Эднийг би үзэн ядаж байна.
Яг л хурьцлыг үзэн яддаг шигээ,
эрэгтэй хүний ам
миний амыг үмхэхэд,
эр хүний чичирсэн бие –
бас эвцэлдэхийн өмнөх
ичгүүртэй, дорой,
байж ядсан гуйлт –
энэ бүхнийг үзэн ядаж байна.
Улиг болсон нөгөө л янзаараа үмхэлцэх
уруулуудаас гарах хачин чимээг залгасан
асуулт, амьсгаа давхцам хариултыг,
алжааж цуцам эсрэг хүйсүүдийн тэмцлийг
сэтгэлийнхээ дотроос би үдшийн цагаар сонсном.
Харав уу?
Бид ийм л тэнэг зүйл хийлээ.
Сэнхийгээд хуурмаг жүржийн үнэр
Нээлхийгээр хийсэн орж ирлээ.
Яаж би одоо тайвшрах билээ?
Хорвоогоор дүүрэн нөгөө л үнэр
хоромхон ч сарнихгүй ханхалсаар байхад
яаж би сэтгэл өег үлдэх билээ?
1985 он
АРГАА БАРСАН ЗӨГНӨЛ
Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье:
өдөр бүр л хүмүүс үхдэг. Үхэл бол ердөө л эхлэл нь.
Өрх гэрийг уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд,
өнчин хүүхдүүд шинээр төрдөг. Тэд гараа эвхэн суугаад,
өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.
Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.
Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.
Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэр рүү бөхийгөөд,
хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юм уу,
хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү
хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.
Ингээд, цөмөөрөө гэр рүү нь явцгаана,
гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.
Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,
гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,
зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.
Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ,
Баярлалаа, ирсэнд баярлалаа ч гэдэг юм уу.
Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.
Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,
цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.
Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол
цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.
Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,
анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна.
1990 он