Та хөнгөн атлетикийн спортыг төдийлөн сонирхдоггүй ч дэлхийн хамгийн шилдэг гүйгч хэн болохыг мэдэх биз ээ. Тэгвэл одоо хэн гэдгийг хэлэхэд энэ бол Угандагийн иргэн 24 настай Жошуа Чептегей юм.
Тэрбээр лхагва гарагт Валенсияд ээлжит домогт дээд амжилтыг эвджээ. 15 жилийн турш агуу Кенинса Бекелегийн 10000 метрийн гүйлтийн амжилтыг эвдэх нь боломжгүй мэт зүйл байлаа. Түүний гаргасан 26.17,53-д хэн ч ойртон очиж чадаагүй юм. Тухайлбал, өнгөрсөн жил энэ зайд дэлхийн хамгийн дээд үзүүлэлт нь 26.48 байсан бол үүнээс нэг улирлын өмнө 27 минутад ч хүрч чаддаггүй байв. Тэгвэл Чептегей Бекелегээс 6 секундээр хурдан гүйж,
26.11,00 гэсэн амжилт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл нэг километр замыг 2.37 минутад туулсан гэсэн үг.
Кенинсагийн хувьд Чептегей жинхэнэ аймшигт зүүд болжээ. Уганда эр өмнө нь Монакод болсон “Бриллиант лиг”-ийн наймдугаар сарын гүйлтэд оролцсон юм. Энд Жошуа Бекелегийн өөр нэгэн галзуу амжилт болох 5000 метрийн амжилтыг эвдэж орхисон. Дэлхий дахин этиоп Бекелегийн амжилтыг 16 жил шагшин гайхаж, хэн ч үүнийг эвдэж чадахгүй гэж бодож байлаа. Гэтэл Угандагийн цагдаагийн газарт шинжээчээр ажилладаг Жошуа цар тахлын дараах анхны тэмцээнээрээ хоёр секундийн наана гүйж, 12.35,36 гэсэн үзүүлэлтээр Бекелегийн дэлхийн дээд амжилтыг эвджээ. Өөрөөр хэлбэл 1 км замыг 2.31 минутад туулсан гэсэн үг.
-Ер нь бол би 12.30-д ч гүйж чадах байсан. Энд ирэхэд хүнд байсан, дээр нь ядарсан хэмээн барианд ирснийхээ дараа мэдэгджээ.
Чептегей Монакод яаж ирсэн нь бас нэгэн түүх. Цар тахлын улмаас Уганда улс хилээ хаасан ч тус улсын Ерөнхийлөгч энэ залуу тамирчнаа дэмжин Найроби хүртэлх чартер нислэг зохион байгуулжээ. Жошуа Кениэс Турк руу нисч, тэндээсээ Ниццед ирсэн байна. Ингээд олон дамжин явсаар Монакод ирэхэд 80 цагийг зарцуулсан байна.
Сонирхуулахад өнгөрөгч хавар тэрбээр дэлхийн хоёр дээд амжилтыг эвдсэн юм. Чептегей хоёр дээд амжилт тогтоож, Уганда даяар Токиогийн олимп болохыг тэсэн ядан хүлээсэн гэхэд болно. Чептегей олимп хойшлогдсон ч дасгал сургуулилтаа зогсоолгүй, гэрийнхээ ойролцоох толгодыг тойрон гүйсээр л байгаа гэнэ. Түүнд гүйлтийн тусгай зам гэж байхгүй, өвсөн дундуур л гүйдэг гэнэ.
Өдгөө Жошуа Мо Фара, Бекеле нарын амжилтыг давтаж, Олимпийн наадамд 5000, 10000 метрт хоёуланд нь түрүүлэх зорилготой байна. Дааш нь түүнийг Южин-2022 ДАШТ хүлээж байгаа. Дараа нь Чептегей хагас марафон, марафонд өөрийгөө сорино.