“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/” төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар болон шинэ тоног төхөөрөмжийг өчигдөр /2020.10.08/ хүлээлгэн өглөө.
Тодруулбал азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ГССҮТөвд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 461,6 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 840 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг өгсөн байна.
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэсэн юм.
Л.Баяр