УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар “Эрдэнэс Тавантолгой” хк-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гишүүдэд танилцуулга хийлээ. Тус компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмдэг юм. 85,2 хувь нь төрийн эзэмшил, Монгол Улсын 2,5 сая иргэн 14,75 хувийг, аж ахуй нэгжүүд 0,05 хувийг эзэмшдэг байна. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны 7 сард олборлосон гэдгийг онцоллоо. Нийтдээ 900 гаруй ажилтантай гэлээ.
Тус компани нь 2012 онд Монгол Улсын бүх иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. 2017 оны 3 сар гэхэд Чалко компанид төлөх 350 сая ам долларын өрийг бүрэн барагдуулж дууссан байна. Ингээд 2018 он 1072 хувьцаа мэдээллийн төвийг нээж, 2020 оны 9 сард хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээсэн юм.
Мөн УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өглөө. Дотоодын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийн сүлжээг дэмжих зорилтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд мөн 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс гадна 2020 оны олборлолт болоод борлуулалтын нөхцөл байдлын талаараа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
УИХ-ын гишүүд танилцуулгатай холбоотойгоор саналаа хэлж, асуулт асууж хариулт авлаа. Гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуй нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг асууж байлаа. Мөн байгалийн баялгийн эзэн нь ард түмэн. Иймээс Эрдэнэс Тавантолгой хк-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй. Улс төрийн зорилготой бодлогоос ангид бодлогоор ажиллах нөхцлийг хангахад анхаарах ёстой гэдэг дээр гишүүд санал нэгдэж байлаа.