Бид тоон технологийн эринд аж төрж байна. Технологи хөгжсөний үр дүнд өдгөө хүн бүр гэрэл зургаа засаж, ихэсгэх, багасгах, хэрэггүйг нь авч хаяж, юм нэмж, фоныг нь өөрчилж, бүр луун дээр хүртэл өөрийгөө суулгах чадвартай болсон. Тэгээд л бүх зүйл жинхэнэ мэт бодитой харагдана.
Тэгвэл энэ бол 120 жилийн өмнөх зураг. Энэ зураг дээр ер бусын их аз жаргалтай хятад эр байдгаараа инээчихсэн суух бөгөөд ямар сайхан тэгш цагаан шүдтэй болох нь төвөггүй харагдана. Энэ зургийг зориудаар авсан мэт харагдаж байгаа биз. Алдарт аялагч, антропологич Бертольд Лауфер 1901-1904 онд Хятадаар аялж явахдаа энэ зургийг олон арван зурагтай хамт авчирсан юм. Энэ зургийг худалдаа харилцаа тогтоох сонирхолтой баян банкир илгээсэн гэдэг. Эх зураг нь Америкийн байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй.
Энэ зурагтай холбоотой олон асуулт хөвөрдөг. Тухайлбал, тухайн цаг үед хүмүүс зураг авахуулахдаа инээх нь тун ховор байсан. Ингэх ч шалтгаантай байсан. Тод зураг авахуулахын тулд хөдөлгөөнгүй удаан суух хэрэгтэй болдог байсан юм. Гэвч XIX зууны сүүлчээр шилэн хуудасны оронд плёнка гарч ирснээр зураг авах үйл явц илүү хялбаршиж, хурдан болж, нийтэд түгжсэн. Тиймээс инээмсэглэлийг техникийн хувьд гэрэл зурагт үлдээх нь тун амархан болсон.
Мөн хэн ч инээмсэглэж болдог гэж бодоогүй байх магадлалтай. Европ, Америкт хүмүүс зураг авахуулах нь тун цөөн, энэ асуудалд тун нухацтай ханддаг байжээ. Тиймээс зураг дээр инээхгүй, хөргөө зуруулах гэж байгаа мэт ханддаг байсан биз. Харин будаа барьсан хятад эр юу хийж байгаа, яах ёстой, ямар байрлал авах ёстойгоо ойлгоогүй байх гэж шинжээчид үздэг. Түүний хувьд болж байгаа бүхэн хөгжилтэй, тоглоом тохуу мэт санагдаад инээсэн биз ээ.
Үүнээс гадна олон хүн энэ эрийн тэгш цагаан шүдийг хараад хуурамч зураг гэж үздэг. Тухайн үед шүдний эмч бараг байгаагүй болохоор яаж ийм сайхан шүдтэй байх билээ. Тэгвэл археологичид эртний хүмүүсийн шүд гайхалтай гоё байсан гэж баталдаг. Учир нь тэд сахар, амттангүй үед амьдарч байсан юм. Дараа нь сахарыг Арабын орнууд, Энэтхэгээс зөөвөрлөдөг болсон ч амттан гэдэг нь маш үнэтэй, зөвхөн баячууд л хэрэглэдэг зүйл байсан юм. Харин жирийн хүмүүс амттанаас болоод шүд нь муудаж байсангүй.
Ийнхүү “Хятадын хамгийн аз жаргалтай хүн” хэмээн өнөөдөр нэрлэж болох зургийн нууц тайлагдах шив дээ.