Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүрэгт есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Талийгаач охины хойд эцэг 36 настай Б анхны байцаалтаар хэргээ хүлээсэн бөгөөд түүнийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Харин талийгаачийн гэр бүлийнхэн болох ээж, эгч, дүү нар нь одоо орон гэргүй хамаатныдаа түр амьдарч байна. Дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс талийгаачийн ээжийг хүүхдийн хамт сэтгэл зүйн болон сэргээн засах үйлчилгээнд хамруулж байна. Мөн тэд орон байргүй байгаа учраас түрээсийн байранд амьдруулахаар судалж, бичиг баримтыг нь бүрдүүлж байгаа гэнэ.
Баянзүрх дүүргийн ГБХЗХГ-ын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан: “Тухайн ээж охины хувьд ар гэрийн нөхцөл байдал хүнд байгаа. Тиймээс бид хүүхдүүдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт бодож байна.
Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хоёр настай хүүхэд дээрээс нь тухайн эмэгтэй нярай хүүхэдтэй болно гэхээр энэ эмэгтэйн хувьд амьдрал ахуйг нь сайжруулах зорилгоор дараагийн шатны үйлчилгээнүүдэд холбон зуучлаад явж байгаа. Эцсийн шийдвэрүүдийг дараагийн шатны байгууллагууд гаргана.
Боломжтой бол тэднийг түрээсийн орон сууцанд хамруулахаар хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргасан. Түрээсийн орон сууцны төлбөртэй холбоотой асуудлыг ар гэрийнхэнтэй нь уулзаж ярилцсан. Тэдний ах дүү төрөл садан үүнийг дэмжинэ гэсэн”
Дээрх хэрэг гарсны дараа талийгаач охины 12 настай эгчийг ч мөн шинжилгээнд хамруулахаар болсон. Талийгаач охиын эгчийнх нь шүүх шинжилгээний хариу өчигдөр гарсан байна. Уг шинжилгээгээр 12 настай охин биедээ ямар нэгэн гэмтэл авч, хүчирхийлэлд өртөж байгаагүй гэдэг дүгнэлт гарчээ.
Талийгаач охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан. Тухайн гэр бүл 23-р хороонд албан ёсны бүртгэлтэй боловч энэ хаяг дээрээ тогтвортой байдаггүй, айл айлын хашаа түрээсэлж, байнга шилжин амьдардаг байжээ.