Финландын Засгийн газрыг нэг өдрийн хугацаанд 16 настай Аава Мурто хэмээх сурагч охин толгойлно. Тус улсын Ерөнхий сайд 34 настай Санна Марин аравдугаар сарын 11-нд буюу Олон улсын охидын өдөр суудлаа энэ охинд түр шилжүүлэх юм байна.
Марин, Мурто нар дэлхий дахины эмэгтэйчүүдийн асуудал, тухайлбал, интернэтээр доромжилдог асуудалтай хэрхэн тэмцэх асуудлыг тусгана. Үүнээс гадна тэд олон улсын тавцан дахь улс орныхоо үүргийг ярилцах юм байна.
Мурто охин Ерөнхий сайдаар ажиллах бүтэн өдрийн хугацаанд Харилцаа холбооны сайд, Хууль зүйн сайд, парламентын гишүүн болон бусад улстөрчидтэй уулзана.
Ийм арга хэмжээ тус улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээнд их сургуулиудын ректор, хэвлэлийн ерөнхий редакторууд болон компаниудын ерөнхий захирлууд ч нэгджээ.