Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжиг 2020 оны 10-р сарын 03-аас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдлаа.
Дэлхийн сонгодог бүтээлийн нэг “Анна Каренина”-гянз бүрийн өнцгөөс үзэж харж, янз бүрийн өнцгөөс ярьж тайлбарлаж болно. Гол дүр Анна Каренинаг хэдэн ч янзаар харж, ярьж,шүүмжилж болно. Харин энэ удаа Наранбаатар найруулагчийн өнцгөөс харж таашаал авах боломж манай монголчуудад олдож байна.
Энэхүү сонгодог жүжгийн гол дүр Анна Каренина-д залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин жүжигчин Н.Сувд, Вронскийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн, Анна-гийн нөхөр Алексей Каренины дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээх юм. Мөн Ардын жүжигчин Н.Цэрэндагва, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа, Л.Дэмидбаатар, СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар нарын 70 гаруй уран бүтээлч оролцжээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа болон П.Анужин нар оролцов гэж Соёлын яамнаас мэдээллээ.