Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Кобаяши Хироюки чухал хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд манай хоёр улсын найрамдалт харилцаа 1990 оноос хойш хөгжиж, түншийн харилцаа өргөжин бэхжиж ирсэн ба Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд “ТЭЦ-IV” ТӨХК-д дэмжлэг тусламж үзүүлж ирсэнийг дурдав.
Хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нар салхины станц байгуулах төслүүдийн талаар харилцан үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улс нь манай улсын томоохон хандивлагчийн нэг бөгөөд Монгол Улсын хөгжилд бодитой тус нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийлэв. Цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр өргөтгөх төслүүд болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд Япон улсад усан цахилгаан станцын чиглэлээр тодорхой тооны мэргэжилтэн бэлтгэх боломжтой болохыг Элчин сайд Кобаяши Хироюки мэдэгдлээ гэж Эрчим хүчний яамнаас мэдээлэв.