Хятадын уран зураач, улс төрийн идэвхтэй Ай Вейвей ВВС-д өгсөн ярилцлагадаа дэлхий нийтэд Хятадын нөлөө ямар их болсон, үүнийг буцаах ямар ч боломжгүй болсныг дурджээ.
“Өрнөдийнхөн Хятадын талаах хэдэн арван жилийн өмнө л санаа зовниж эхлэх ёстой байсан юм. Харин одоо юу ч хийгээд хожимдсон. Учир нь өрнөдийнхөн Хятадтөй маш хүчирхэг холбоо бий болгосон учраас шууд болиулахад маш их үр дагавартай. Тиймээс л Хятад ийм их зантай байдаг болсон” хэмээн дэлхий дахинаа алдартай концептуалист уран зураач мэдэгджээ.
Ай Вейвей төрөлх Хятад нутгийнх нь талаар ярихад хэл ам нь түгдэрнэ гэж үгүй. Эргэлзэх юмгүй л “Энэ бол цагдаагийн улс” гэж хэлж орхино. Ай Вейвей 2008 оны олимпоор босгосон Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн дизайныг гаргахад оролцсон нэгэн ч Хятадын засаг захиргааг шүүмжилж эхэлснээс хойш томоохон асуудалд орсон юм.
2015 онд тэрбээр Берлин рүү шилжиж, өнгөрсөн жил Кембрижид иржээ. Тэрбээр Хятад өнөөдөр улс төрийн нөлөөллөө хангахын тулд эдийн засгийн асар их хүчээ ашиглаж байгаа гэж үздэг. Үнэхээр ч Хятад улс сүүлийн үед илүү даамай, өөртөө итгэлтэй болсон билээ.
Тэгвэл алдарт уран зураачийн хэлсэн үг хэр үнэний ортой бол?
Нөлөөлөл нэмэгджээ
Ердөө 10 жилийн өмнө Хятад дэлхий нийтэд тун даруухан улс харагддаг байсан. Засгийн газрын лоозон нь хүртэл “Гэрлээ нууж, өөрийн цагаа хүлээ” гэсэн байдалтай байв.
Албан ёсны түвшинд улстөрчид Хятад бол урьдын адил хөгжиж буй орон, өрнөдийн орнуудаас суралцах зүйл ихтэй гэж байлаа. Дараа нь Си Жиньпин засгийн эрхэнд гарч ирсэн юм. 2012 онд тэрбээр Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга бол дараа жил тус улсын дарга болсон.
Тэрбээр шинэ өнгө аясыг гаргаж ирсэн юм. Даруу төлөв байдал ухарч, “Амжилтад тэмүүл” гэсэн шинэ уриа лоозон бий болсон ирсэн. Ямартай ч Хятад одоо ч хөгжиж буй улс хэвээр байгаа бөгөөд 250 сая орчим хүн ядуу нөхцөлд аж төрж байна.
Гэсэн ч энэ улс өдгөө дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон бөгөөд ойрын 10 жилийн дотор АНУ-ыг гүйцэж түрүүлж, нэгдүгээрт гарч ирэх төлөвтэй байна. Хятадын дэлхий нийтэд үзүүлэх нөлөө илт мэдрэгдэж эхэлж байхад Америкийн хүч чадал илт суларч байна.
Миний хувьд Гренланд, Карибын арлуудаас Перу, Аргентин хүртэл, Өмнөд Африк, Зимбабвегаас Пакистан, Монгол хүртэл дэлхийн өнцөг булан бүрт БНХАЯ-ын улс төрийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа тод жишээнүүдийг харж байсан. Британийн парламентын Гадаад хэргийн хорооны дарга Том Тугендхат саяхан Хятадыг Барбадост дарамт шахалт үзүүлж, үүний улмаас барбадосчууд Британийн хатан хааныг төрийн тэргүүн хэвээр үлдээхээс татгалзсан гэж буруутгасан.
Өнөөдөр Хятад улс дэлхийн бараг бүх улсад томоохон нөлөөтэй байна. Энэ улсын энгийн ашиг сонирхлыг боогдуулсан ямар ч улс түүнийгээ хүртэж байгаа юм. Далай лам Даунинг-стритэд айлчилсны дараа Англи-Хятадын харилцаа шууд л муудсан шүү дээ.
Харин саяхан Чехийн парламентын дарга Тайваньд айлчлахад Хятадын нэгэн өндөр албан тушаалтан улстөрч “Хятадын Засгийн газар болон ард түмэн нь Чехийн Ченатын даргын гаргасан ил өдөөн хатгалга, түүний ард байгаа Хятадын эсрэг хүчинтэй тулгараад зүгээр хараад суухгүй, асар их үнэ төлөх болно гэдгийг анхааруулъя” гэсэн юм.
“Хятад гутлын уланд наалдсан бохь”
Хятадын нөлөө бүхий “Global Times” сонины ерөнхий редактор Ху Сизинь Хятад бол дэлхийн бол түрэмгийлэгч гэдэгтэй санал нэгдэхгүй байна.
“Би та нараас асууя. Хятад хэзээ нэгэн цагт аль нэг улсад дарамт шахалт үзүүлж, тухайн улсын хүсэл зоригоос өөр зүйл хийлгэхийг албадаж байсан уу? АНУ дэлхий даяар хориг хязгаар, ялангуяа эдийн засгийн хоригоо үргэлжлүүлж байхад Хятад ямар улсуудад хориг тавьсан юм бэ? Бид хэзээ нэгэн цагт бүхэл бүтэн улсад хориг тавьж байсан вм уу% Би ямар нэгэн тодорхой асуудлаар, биднийг гомдоосон үе д л дургүйцлээ илэрхийлж байсан” хэмээн сэтгүүлч баталжээ.
Гэхдээ Тайвань, Австрали, Япон, Канад, Их Британи, Энэтхэг (2020 оны тавдугаар сард үүссэн Аксайчин бүсийн хилийн маргаанаас болоод) зэрэг нэлээд хэдэн улстай харилцаа муу байгаа. Үүн дээр АНУ-тай харилцаа таагүй байгаа. “Global Times”-ын хэллэг, өнгө аяс яг л Мао Зедуны үеийн илтгэлээс авсан мэт аж.
Саяхан Ху Сизинь Австралийг “Хятадын гутлын уланд наалдсан бохь” гэж нэрлэсэн редакцийн нийтлэлээсээ болоод нэлээд шуугианд өртсөн юм. Энэ асуудлаах ВВС-ээс түүнд асуулт тавихад тэрбээр, Австралийн өнөөгийн Засгийн газар Хятадын засаг захиргаа руу хэд хэдэн удаа халдаж, дургүйцлийг нь төрүүлсэн гэжээ.
“Тэд бол миний гутланд наалдсан бохины өөдөс гэж би үнэхээр үздэг. Би үүнийг сэгсрээд салгаж чадахгүй. Үнэхээр таагүй мэдрэмж шүү дээ. Би энэ байдлыг нь ашигласан юм. Өөрийн гэсэн бодолтой байх нь миний эрх” хэмээн тус хэвлэлийн редактор тэмдэглэжээ.
ЗСБНХУ-ын хувь заяа хар дарсан зүүд шиг байна уу?
Ху Сизин бол Си Жиньпинтэй ойр хүн. Тиймээс Хятадын удирдлага үүнийг дэмжиж байгааг мэдэхгүйгээр ийм зүйл ярина гэж үгүй юм.
Тэрбээр ВВС-гээс тавьсан Хонконгийн нөхцөл байдлын тухай асуултад тийм ч удаан бодолгүйгээр “Хятадын Засгийн газар Хонконг дахь ардчилал, иргэний эрх чөлөөг эсэргүүцэхгүй. Тэр дундаа иргэдийг тайван жагсаал хийхийг зөвшөөрнө. Хамгийн гол нь жагсаал тайван л болох ёстой” хэмээжээ. “Бид бас Хонконгийн цагдаагаас хүчирхийллийн эсрэг их хүч хэрэглэхийг ч дэмжинэ. Хэрвээ түрэмгийлсэн эсэргүүцэгчид цагдаа нар луу хурц зэвсэг, шатах шингэнтэй лонх зэргийг шидэх маягаар амь насанд нь заналхийлбэл цагдаа нар зэвсэг хэрэглэхээ шийдвэрлэх шаардлагатай. Тэд гал нээх ёстой” гэжээ.
Энэ бол тун ноцтой мэдэгдэл. Хэрвээ Хонконгт цагдаа нар үнэхээр жагсагчид руу буудаж эхэлбэл олон улсын томоохон реакци үзүүлнэ гэсэн үг юм.
Олон улсын олонх ажиглагчид БНХАУ-ын түрэмгий байдлын цаана нэлээд сандрал түгшүүр нуугдаж байгаа гэж таамагладаг.
БНХАУ-ын Коммунист нам бол сонгогдсон нам биш. Тиймээс улс оронд нь энэ намыг хэр дэмжиж байгааг мэдэх боломжгүй. Дээр нь эдийн засгийн хямрал зэрэг илүү ноцтой хямрал болбол яах вэ гэдэгт 100 хувь итгэлтэй биш. Тиймээс Си Жиньпин болон ойрын хүрээллийнхэн 1980-аад оны сүүлчээр Зөвлөлт засаг задарч байсан хар дарсан зүүд зүүдэлж байгаа гэдэг. Учир нь тухайн үед тэдэнд хүн амынх нь дэмжлэг байгаагүй юм.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын нэр нөлөө бүхий сонины редактор шинэ хүйтэн дайн эхэлсэн гэдэгт итгэдэггүй гэжээ. Тэрбээр Хятад руу яг үнэндээ зөвхөн АНУ л дайрч байгаа гэж үздэг. Түүнийхээр бол Ерөнхийлөгч Трампын Хятад руу дайрч байгаа нь арваннэгдүгээр сарын сонгуультай нь илүү холбоотой, сонгуульд ялах гэсэн хүч чармайлтынх нь нэг хэсэг гэнэ.
Үнэн хэрэгтээ энэ сонгуулийн дараа хэн ч ялсан бай уур амьсгал сайжирна гэж үзэж байна.
Хятад бол өөрөөс нь олон зүйл хамаарах хэтэрхий том орон. АНУ болон холбоотнууд нь ийм хүчирхэг хүчтэй байнгын тэмцлийн байдалд байж ирсэн юм.
Гэхдээ дээрх бүгдийг Ай Вейвейгийн хэлсэн “Өрнөдийнхөн одоо Хятадын нөлөөнөөс хамгаалахад хэтэрхий оройтсон” гэх анхааруулга улам гүнзгийрүүлж байна.