Сүүлийн үед усны төлбөр тооцоог улсын баталгаатай хэмжих хэрэгслийн заалтаар, үнэн зөв авч тооцохгүй байна, усны төлбөр өндөр гарч байна гэсэн иргэдийн гомдол нэлээд ирж байна. Гомдлын дагуу газар дээр нь очиж шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй тоолуур суурилагдсан, орон сууцны байгууллагаас тоолуурын заалтыг үнэн зөв авч бичилт хийгээгүй, ажилтнуудын хэмжил зүйн мэдлэг хангалтгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт хангалтгүй зэргээс шалтгаалан улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй тоолуураар тооцоо хийсэн, усны тоолуурын заалтыг илүү бичсэн, халуун, хүйтэн усны тоолуурын заалтыг сольж тооцсон зэрэг зөрчлүүд их гарч байна.
Иймд иргэд өөрсдийн хэрэглэж буй тооцоо хийдэг усны тоолуурын улсын баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгаж байх, хэрвээ баталгааны хугацаа дууссан, лац тасарсан бол ээлжит баталгаажуулалтад даруй хамруулах, тоолуурын заалтыг үнэн зөв авсан эсэхийг нэхэмжлэх дээр бичсэн тоолуурын заалттай сар бүр тулган шалгаж байх үүрэгтэй. Тоолуурын заалтыг үнэн зөв авсан эсэхэд хяналт тавьж анхаарахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай.
Үүнд:
– тоолуур нь улсын баталгааны гэрчилгээтэй, лацтай, баталгааны хугацаа дуусаагүй, лац тэмдэг хөндөгдөөгүй, тоолуур өмнө заавал хог шүүгч суурилагдсан байна.
– тоолуур нь заалт авах, завсар үйлчилгээ хийх боломжтой газар суурилагдсан байх ба хэт өндөр, хэт доор буюу зай багатай, давчуу газарт суурилуулахыг хориглоно.
– тоолуурын гадна тал элдэв бохирдолгүй цэвэр, тоолуурын заалт, лац тэмдэг ил тод харагдаж байна.
– усны төлбөр тооцоог хийхдээ тоолуурын таслалаас өмнөх заалтыг авч тооцно. Таслалын өмнөх цифр хар, таслалын дараах цифр улаан өнгөтэй байх ба үйлдвэрийн алдаанаас шалтгаалан АRZAMAS загварын тоолуурын таслалын дараах цифр хар өнгөтэй байсан ба үүнийг орон сууцны байгууллагаас буруу авч усны төлбөрийг өндөр гаргасан зөрчил илэрсэн.
– ус халаасны төлбөрийг тооцохдоо зөвхөн халуун усны тоолуурын заалтаар тооцно.
ОХУ-ын АРЗАМАС үйлдвэрийн дээрхи усны тоолуурын таслалын дараах тооны 1 цифр хар өнгөтэй буюу үйлдвэрийн алдаатай /9-н тоо өнгөтэй байх ёстой/ байсан.
Энэхүү алдааг орон сууцны ажилтан тоолуурын заалт авахдаа буруу авч, бүхэл оронд оруулан 131 м2-р илүү бичилт хийснийг хяналт шалгалтаар илрүүлж, тухайн айлд заалтын зөрүү болох 168900 төгрөгийг буцаан олгуулав. Төлбөр тооцоонд зөвхөн таслалын өмнөх тоог авдаг байна.