Чингис хаан музейн барилга угсралтын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Харин барилгын нэмэлт өөрчлөлт болон гадна чимэглэлийн ажилд зураг төсөлд магадлал хийх ажил 33 хувьтай байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлд баригдаж байгаа томоохон соёлын газруудын барилга угсралтын явцтай танилцсан. Уг ажлын хүрээнд Чингис хаан музейн ажлыг түргэвчлүүлэх чиглэл өгсөн байдаг.
Тиймээс өчигдөр буюу есдүгээр сарын 30-нд захиалагч тал болох Соёлын яам, Зураг төсөл магадлал болоод захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байгаа Барилгын хөгжлийн төвийн ББЗТМХ, ННХ, ББЗХХ болон Урчуудын эвлэл, Зураг төсөл зохиогч Балданс ХХК, Скайлайн ХХК, Интеллект тауэр ХХК, Сүлд проект ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч Билгүүн Монгол ХХК зэрэг байгууллагууд хуралдаж санал солилцов.
Хурлын үеэр Урлагийн бүтээл урлах ажлын төсвийн суурь норм 2000 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй байна. Тиймээс орчин үеийн технологитой уялдан хөдөлмөр зарцуулалт, материалын үнэлгээ өөрчлөгдсөн байдалтай байгаа тул энэхүү төсөвт магадлал хийхэд хүндрэлтэй байгаа аж. Иймд ерөнхий захиалагч байгууллага төсвийн тооцоо үнийн саналын судалгаа зэрэгт үндэслэн тохиролцож ажиллахаар болжээ. Хуралд Соёлын дэд сайд М.Батбаяр болон Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б. Энхболд болон холбогдох албаныхан оролцлоо