Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Тэргүүн Борын Ганзоригтой ярилцлаа.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
-Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. Хүн амын тал илүү хувь нь амьдарч буй нийслэл хотод Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо гэж байх нь мэдээж зөв. Дэлхийн улс орнуудын нийслэл бүгд л ийм байгууллагуудтай байдаг. Танай холбооны үйл ажиллагаа их идэвхитэй байгаа харагддаг?
-Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоонд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагаад, түүнд ажилладаг албан хаагч, сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач бүгд багтдаг.
Монгол Улсын хүн амын тавиас дээш хувь нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Мэдээж нийслэл хот бол улс орны зүрх нь болсон газар. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн 80 орчим хувь нь их хотдоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр манай холбоо ийм өргөн хэмжээний бие даасан гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага гэж хэлж болно. 2018 оноос бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн ажиллаж байна.
Бид сэтгүүлчдийнхээ ёс зүй, боловсрол, нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа сэтгүүлчдийн боловсролын чиглэл дээр байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулдаг уу, тэрхүү хуулийн хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнууд руу чиглэсэн сургалт, судалгааны ажлуудыг багагүй хийлээ. Мөн гадаад дотоодыг аялал болоод сургалтыг давхацсан байдлаар хийлээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн анхны олон нийтийн хэлэлцүүлгийг Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Глоб интернэшнл, хэвлэлийн зөвлөл, орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтарч, манай холбоо санаачилж зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ салбарт чинь бас тодорхой бодлого байх хэрэгтэй. Өөрөө бие даасан статустай учир бодлоготой, бодлого нь хөгжил рүү хөтөлж байх ёстой. Ийм ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Цар тахлын улмаас үйл ажиллагаа хязгаарлагдаж эхэлсэн. Энэ хүрээнд онлайнд шилжиж, онлайнаар удирдах зөвлөлийн хурлаа хийж, гадаад хэлний чиглэлийн сургалтуудаа явууллаа. Өнгөрөгч наймдугаар сард холбооны ээлжит энэ зуны сургалт аялалаа зохион байгууллаа. Бид өнгөрсөн жилийн сургалт аялалаа ОХУ-ын Буриад улсад Итгэлт хамба, Улаан-Үүд, Байгаль нуур гэсэн маршрутаар хийж байсан бол энэ жил гадагшаа явах боломжгүй учир Хөвсгөл далайн эрэгт хийлээ.
-Сургалтыг чөлөөт маягаар өөр орчин, ялангуяа байгалийн сайхан хийх илүү үр бүтээлтэй санагдахын…?
-Энэ жил сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлаар сургалт явууллаа. Ер нь сургалт аялал ямар учиртай юм бэ гэхээр уламжлалт, хэвшмэл байдлыг бид эвдэх цаг болжээ. Танхимд суугаад багш яриад, самбар дээр юм заадаг тийм сургалт хоцрогдсон байна. Тиймээс бид холбооныхоо удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу ажлын албанаас зохион байгуулан гадаад дотоодод сургалт аялалыг хослуулан явуулж байгаа нь энэ. Сэтгүүлчид маань байгалийн сайхан аялаад, чөлөөт маягаар сургалтаа хийхээр хамаагүй үлдэцтэй юм билээ. Явж ирээд сэтгүүлчдийн бичсэн аян замын тэмдэглэл, телевизийнхны нэвтрүүлэг, сайтын сэтгүүлчдийн бичсэн мэдээлэл, зургийг харахад их үр дүнтэй нь мэдрэгдсэн. Цар тахлын жилд 25 сургалт хийнэ гэж төлөвлөснөөс 17 нь онлайнаар хийчихээд байна. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо гадаад харилцаа дээр анхаарч ажиллаж байгаа. БНХАУ, БНСУ-тай хамтарч ажиллахаар яриа хэлэлцээрийн шатандаа явж байна. Сүүлд Тайванийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудаас тэтгэлэгтэй зургаан сараас 1 жилийн хугацаанд Тайваньд сэтгүүлч дадлагажигчаар явуулах гэж байна. Мөн Нийслэлийн 34 агентлагийн 20 орчимтой нь хамтын ажиллагааны санамж зурчихаад явж байна. Сэтгүүлчид хэвлэлийн ажилтнууд нийгмийн түүчээ нар байдаг учир нийгмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлынх нь төлөө ажилладаг ЦЕГ-тай хамтран ажиллаж байна. ӨМӨЗО-ы Ардын хэвлэл мэдээллийн албатай нягтарч ажиллаж байна. ОХУ-ын Буриад улстай сайн ажиллаж байна.Япон, Индонез зэрэг орнуудтай хамтарч ажиллах саналаа өгсөн. Солонгос, Хятадад сэтгүүлчээ сургах хэрэгтэй. Манай салбарт 4000 хэвлэлийн ажилтан, сэтгүүлч байгаа боловч боловсролын түвшин ямар билээ, ялангуяа гадаад хэлний асуудал ямар билээ. Ажил ажил гэж яваад сайн сурч амждаггүй. Гадагшаа явуулж мэргэшүүлье, өндөр хөгжингүй орнуудын хэвлэлийнхэн яаж ажилладаг юм, сэтгүүлчид нь яаж мэдээлэл олж авдаг юм, редакциуд нь ажилчдынхаа нийгмийн болон боловсролын асуудалд нь яаж анхаардаг юм гэдгийг бодит байдалд нь очиж үзүүлэх нь чухал. Мөн хэвлэл мэдээллийн ажилтнуудын солилцооны хөтөлбөр хийнэ. Энэ ямар учиртай юм гэхээр тухайлбал, Солонгосын өдөр тумын хамгийн том сонинтой, Монголын “Өдрийн сонин” болон бусад өдөр тутмын сонины сэтгүүлчдийг солилцоогоор ажиллуулах, ийм хөтөлбөрийг боловсруулж байна.
-Өөрийн тань хувьд сэтгүүлч, хэвлэлийн ажилтнуудыг бэлдэж байгаа сургуулиудад ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар асуух гэсэн юм?
-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, мэргэжилтэн бэлтгэж байгаа, сэтгүүлч бэлтгэж байгаа улсын болоод хувийн сургуулиуд хэвлэл мэдээллийн салбар редакци болон сонин, телевиз сайт руугаа хандахаа больчихсон байна. Дунд нь гүүр болдог төрийн бус байгууллагууд нь ажиллахаа больчихсон байна. Сургууль нь төлбөрөө л бүрэн авч байвал тухайн сэтгүүлчийн боловсрол, мэдлэг, цаашид хэрхэн ажиллаж амьдрах нь огтоос хамаагүй болсон байна. Сургуулиуд оюутнууд дээрээ сайн анхаарах хэрэгтэй. Оюутнууд дадлага гээд хийдэг, үүнийг хариуцлагажуулаад гэрээ хийх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр нэг явж байгаад дадлага хийсэн гэдэг бичиг авахыг боддог. Тухайн мэргэжлийн редакцийн бодлогыг ч ойлгодоггүй. Ийм оюутнууд төгсөж ирээд сэтгүүл зүйгээ баллах ажил хийнэ шүү дээ. Сэтгүүлч бэлддэг сургуулиуд мэргэжлийн редакцитай уялдаа холбоотой байх хэрэгтэй. Үүнийг МСНЭ, Сайтуудын холбоо нь хийдэггүй юм бол манай холбоо хийе. Мэдээ бичиж сурах, сурвалжлага ингэж хийх, ярилцлага ингэж хийх гэдгийг сайн сурах хэрэгтэй. Эргэх холбоо байхгүй болсон байна. Тэгж л боловсон хүчин дээрээ анхаарахгүй бол манай салбарт ажилладаг боловсон хүчин байхгүй болчихоод байна, ний нуугүй хэлэхэд. Харин манай хэвлэлийн салбарт өнөөдөр хэн ноёлж байгаа юм. Дундын бүсийнхэн буюу сэтгүүлч бус нөхдүүд ноёлж байна. Жинхэнэ мэргэжлийн сэтгүүлчид мөрөөрөө ажлаа хийгээд хэр таарсан цалингаа аваад явж байна. Сэтгүүлчдийг өнөөдөр шантаачид, улс төрчдийн бууны нохой гэж цоллож байна. Муу муухай бүхнийг сэтгүүлчид рүү, энэ салбар руу чихэж байгаа. Ингэж болохгүй ээ. Шантааж нэртэй нөхдүүд мэргэжлийн бус зүгээр Пи арчид, сайт нэртэй нэг юм нээчихсэн нөгөөх нь мэргэжлийн редакци байтугай хаяг ч алга. Гэртээ сууж байгаад юм уу, эсвэл кофе шопт аяга кофе уугаад ажлаа хийдэг, энэ бол сэтгүүл зүй биш ээ. Мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг редакцитай, буух эзэн буцах хаягтай, хариуцлага хүлээх чадвартай, нийтлэлийн бие даасан бодлоготой ийм байдаг. Сэтгүүл зүй дундын бүсийнхний тоглолт болоод дууслаа.Шантаачингуудаас салах ажлыг мэргэжлийн сэтгүүлчид өөрсдөө хийх ёстой.
Хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарт улсад бүртгэлтэй 63 төрийн бус байгууллага байна. Энэ бүгдээс Удирдах зөвлөлтэй өөрийн гэсэн оффистой, ажлын албатай, албан шаардлага хүргэдэг, тодорхой хүрээлэлтэй хэдхэн байгууллага байна. Үүний нэг нь НСНХ юм. МСНЭ манай холбоо хоёрын дунд ямар нэгэн зөрчилдөөн байхгүй. Манай холбоо бол төвийг сахина. МСНЭ бол 60 гаруй жилийн түүхтэй том байгууллага, салбар маань 100 гаруй жилийн түүхтэй том салбар. Монголын буян их гэдэг шиг хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн буян их гэж боддог. НСНХ өөрсдийнхөө хүрээнд нийслэлийн хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарын ажлыг нэр төртэй сайн гүйцэтгэж байгаа гэж хэлмээр байна. Харин энэ салбарт хууль эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх цаг нь болсон. Одоо Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Их хурал руу орох гээд Хууль зүй дотоод хэргийн яаманд ажлын хэсэг нь ажиллаж байна. Хууль зүйн дэд сайд асан Б.Элбэгсайхан ахалж байсан бол одоо дэд сайд Баатаржав ахлах байх. Хэвлэл мэдээллийн хуулийн ажлын хэсэгт энэ салбараас гол төлөөллүүд орж байж хууль сайн болно. Төрөөс олгож өгсөн мэргэжлийн нэг байгууллагатай болгоё тэр нь ротациар сонгогддог, МСНЭ, НСНХ, МСХ, ХМЗ эд нараас төлөөллөө оруулдаг, ингээд төртэйгээ харьцдаг ийм байх нь зөв байх.
-Сэтгүүлчдийн нийгмийн асуудал гээд амтай болгон нь ярих болж. Үүн дээр таны бодол ямар байна вэ?
-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ТББ-ууд тухайлбал, МСНЭ, Монголын сайтын холбоо редакциудын бодлогод ордгоо болих хэрэгтэй. Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг яриад байртай, байшинтай болгоно ч гэх шиг. Тийм хэрнээ боловсролын асуудлыг нь ярихгүй байгаа нь сонин. Боловсролтой, мэдлэг чадвартай хүн дээр баялаг өөрөө ирдэг. Ажиллаж байгаа хүнийг амьдрал бурхан хоёр өөрөө шагнадаг. Тухайн редакцид хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа ажилтан бол тухайн редакийн боловсон хүчин. Редакци нь цалинг нь олгоод нийгмийн даатгалыг нь төлөөд явж байна гэдэг чинь нийгмийн асуудлыг нь шийдээд явна гэсэн үг. Гэтэл редакцийн энэ ажилд хөндлөнгөөс дайрч ороод машинтай, байртай болгоно гээд нийгмийн асуудлыг нь яриад байх нь утгагүй. Харин мэргэжлийн холбоодууд яах вэ гэвэл редакциудтай ярилцах ёстой. Яг үнэндээ хэвлэл мэдээллийн салбар бол бизнес юм. Үүнийг бизнес биш гэж хэн хэлэх юм бэ. Сонин хэвлэлийн үг бүхэн нь мөнгө байдаг, телевизийн эфирийн цаг минут бүхэн мөнгөтэй. Төрөөс төсөв мөнгө гэж огт авдаггүй, бор зүрхээрээ явдаг ийм л салбар. НСНХ манай холбоонд гишүүнчлэлтэй аль нэг сонин, сэтгүүл, телевиз, сайтын сэтгүүлчийн нийгмийн асуудлыг ярьж болохгүй. Харин тэнд эрх нь зөрчигдөж байна уу, боловсролынх нь асуудал дээр редакци нь анхаарч байна уу гэдгийг л анзаарч, энэ салбарын хууль эрх зүйн орчин ямар байна, хөгжлийн индекс нь ямар байна гэж үзэхээс эмзэг асуудал дээр нь дөрөөлж улстөрчид шиг ажиллаж болохгүй…
-Ам нээвэл уушиг нээ гэдэг шиг сэтгүүл зүйн салбарт өөр ямар асуудал байна?
-Манай салбарт эв нэгдэл байхаа больжээ. Нуулгүй хэлэхэд улстөрчдийн халаасанд гүйгээд орчихжээ. Улстөрчид хууль баталдаг байж өөрсдөө хуулиа их зөрчдөг. Үүнтэй адил манайхан улс төрчдийн аль ч бөөрөнд нь наалдчихсан юм. Ихэнх сайт, сонинууд улстөрч эзэнтэй. Үүнийгээ ил тодорхой зарлах хэрэгтэй ш дээ. Яагаад зарлах хэрэгтэй вэ гэвэл тухайн редакциас цензуртай үнэн бодит мэдээ гарч байна уу, нэг талыг бариад байна уу гэдгийг нь мэдмээр байна. Сошиалд бодит бус байдлыг маш их сэвж байна.Үүн шиг мэргэжлийн сэтгүүлзүйгээс ард түмэн үнэн бодит мэдээллийг хүсдэг. Сонины эрхлэгч, эсвэл төр засгийн хэвлэлийн албаны дарга, дарга нэртэй нөхдүүд улстөрчдийн халаасанд орсон. Үүнийг би ил цагаан шударга хэлнэ. Тэр нөхдүүд л сэтгүүлчдээ цөөн төгрөгөөр хуураад сууж байдаг. Өөрсдийнх нь хүүхдүүд болохоор төрд өндөр алба хашдаг. Өөрсдөө нам дамжсан, нам доторх бүлэглэлийн эрх мэдлийг хамгаалж хаацайлдаг, хэвлэлээр гарах асуудлыг хариуцаж хаалт тавьдгаа болих хэрэгтэй. Өрмийг нь авдаг байсан бол одоо хусмыг нь авдаг болсон байна. Өнөөдөр манай салбарт чадвартай, чансаатай, боловсролтой, сэтгэлтэй залуучууд зөндөө байгаа. Тэдэнд байраа тавьж өгөх хэрэгтэй. Сүүлийн үеийнхэн үгээ зоригтой хэлмээр байна. Болохгүй байгаа, бугшмал байдлыг задлах хэрэгтэй байна. Бид шүүмжилж чадахаас яг барьж аваад хийж чаддаггүй. Шүүмжлүүлсэн ч гэсэн ажлыг хийж гүйцэтгэж чаддаг байх хэрэгтэй байна. Дээрээс нь манай салбарт би-гээр өвчилсөн хүмүүс олширч байна. Орчин үед би биш бид гэсэн чиг шугам мөрдөгддөг, ганцаарчилсан тоглолт хэрэггүй. Редакциудын нэгдэл чухал байна. Сэтгүүлчийн нэр хүнд шалаар нэг уналаа гээд хэн хүнгүй хэлэх болсон. Ингэхэд хэн унагасан юм, манайхан өөрсдөө л улстөрчидтэй нийлж салбараа татаж унагасан биз дээ. Одоо үүнийг хэн аврах юм, тэр улстөрчид чинь аврахгүй. Бид өөрсдөө аварна. Нийгэмд эрүүл сэтгүүл зүйн аяныг хийх хэрэгтэй. Үнэхээр л сэтгүүл зүйн гал тогоондоо хайртай, эндээс хоолоо олж идэж байгаа хүмүүс үүний төлөө одоо явах цаг нь болжээ гэж хэлмээр байна. Ингэж байж салбарын нэр хүнд өснө, салбараа бид аварч чадна. Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд төр дэргэдээ хэвлэлтэй байж болохгүй гээд заачихсан байгаа. Гэтэл өнөөдөр УИХ, Засгийн газар, бүх яамд, аймаг, нийслэл бүгд хэвлэлийн аппараттай, бүгд дэргэдээ студитай болсон. Хэвлэл мэдээллийн ажлыг тэд өөрсдөө хийгээд эхэлж байна. Яам бүхэн дүүрэг бүхэн хэвлэлийн албатай болсон. Тийм болохоор хэвлэлийн эрх чөлөөний хуулинд маш сайн өөрчлөлтүүдийг хийж өгөх нь чухал. Намаас ангид гэж бүгд хэлдэг боловч бүгд нам улс төртэй ойр, намаас улстөрчдөөс санхүүжиж байна. Зарим нэг телевиз сонин аль нэг намын хэвлэлийн алба шиг ажиллаж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Болохгүй бол хуулинд нь тусгаж өгөх шаардлагатай. Тод өнгө болохоос илүү түмний талд л ажилладаг салбар ш дээ. Гэтэл одоо мөнгөтэй бүхний талд ажилладаг болчих гээд байна даа.