Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.30) өргөн барилаа.
Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заагдсан 2021 оны тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээнд Монгол Улсын 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн нийцүүлж хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд дурдаад төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, шаардлагуудыг бүрэн хангаж байгааг онцоллоо.
Уг хуулийн төслүүдийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Монгол Улсын Засгийн газар ирэх 2021 онд дараах төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
- Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
- Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх.
- Татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг үргэлжлүүлэн дэмжиж, гаалийн шинэчлэлийн үр дүнд экспортыг нэмэгдүүлж, баялгаас орох орлогыг бүрэн хураах, технологийн дэвшил ашиглан татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах,
- Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавируст (КОВИД-19) цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ.
Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдуулж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.