Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий ЕБС болоод сургалтын төвд багшаар ажиллаж байсан Холбооны Бүгд Найрамдах Негири улсын иргэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон гэх иргэд, Монгол Улсын иргэн У.Ариунзул нарыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2019 оны нэгдүгээр сард дайчлан баривчилсан байдаг.
-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ТЭДЭНД 3-6 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ-
Учир нь эдгээр иргэд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн юм. У.Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон байдаг.
Улмаар 2019 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Негири улсын иргэн Адекола Олавасен Азеез-д 6 жил, Анози Дарлингтон Дон-д 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэсэн билээ.
-НИГЕР УЛСЫН ИРГЭН МОНГОЛД ДАХИН ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭЖ ЯВААД БАРИГДЖЭЭ-
Тэгвэл тус хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 5 ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорт буцаасан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс 6 жилийн ял сонсоод байсан Нигер улсын иргэн Адекола Олавасен Азеез гэгч энэ сарын 20 –ны өдрийн Ням гарагт 210 грамм, 600 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах төрлийн бодисыг олон улсын шуудан илгээмжээр хүлээн аваад явж байхдаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад дахин баригдсан асуудал гараад байна.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс дээрх хэргийн талаар зарим хэвлэл тодруулахад, “Өмнө хар тамхи тээвэрлэж яваад баривчилагдсан Нигер улсын иргэн дахин хар тамхи тээвэрлэж явсныг энэ сарын 20-нд илрүүлсэн. Дээрх хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байна” гэжээ. Энэхүү мэдээллээс үзвэл, Нигер улсын иргэн гэмт үйлдлээ давтаж дахин хар тамхи зөөвөрлөж явсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож байна.
-НИЙСЛЭЛИЙН ШҮҮХЭЭС ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ХУДАЛ ГЭВ-
Гэтэл “Нийслэлийн шүүхээс суллагдсан Нигер улсын иргэд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад дахин баригджээ” гэх ор үндэслэлгүй худал мэдээлэлдээ нэн даруй залруулга гаргахыг шаардаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны Шүүхийн Тамгын газраас дараах мэдэгдлийг нэр бүхий хэвлэлд хандаж дараах мэдэгдлийг гаргасан байна.
ТУС МЭДЭГДЭЛД:
2020 оны есдүгээр сарын 25-ний өдөр www.livetv.mn, www.tv4 зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Нийслэлийн шүүхээс суллагдсан Нигерийн иргэд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад дахин баригджээ” гэх гарчигтай мэдээлэл гарсан нь огт үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарлингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан болно. Ингэхдээ хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд худал мэдээлэл түгээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр хүндэд халдсан www.livetv.mn, www.tv4 зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд ташаа мэдээллээ нэн даруй залруулахыг шаардаж байна. Хэрэв шаардлагыг хүлээн авч залруулга хийгээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар