УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаялт зарлаж Төрийн ордон дахь 2010 тоот өрөөндөө гурав хоносны эцэст өнгөрсөн амралтын өдөр гэртээ харьсан байна.
Тэрбээр өнгөрсөн сарын 31-нд Төрийн ордонд хонож эхэлсэн бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг автал гэртээ харихгүй гэдгээ мэдэгдсэн юм.
С.Жавхлан гишүүн хилийн чанадад буй оффшор данстай гишүүдийн нэрсийг ил болгож намын гишүүнчлэлээс хасахыг шаардсан байна. Уг шаардлагадаа:
МЭДЭГДЭЛ:
Монгол улсын их хурлын гишүүн Самандын Жавхлан миний бие 81 цагийн турш албан өрөөндөө 3 өдөр, шөнийн турш ерөнхийлөгч,их хурлын дарга, ерөнхий сайд төрийн эрхэм дээдсүүд, намын дарга нарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг хүлээлээ.
1. Хилийн чанадад мөнгөтэй, нуусан, нууц хар мөнгө угааж байгаа эрхэм гишүүдийнхээ нэрсийг ил болгооч ээ
2. Тэдгээр оффшор буюу /овт шаар/-тай гишүүдээ намаасаа хасаач ээ
3. Хасаж чадахгүй байгаа бол ерөнхийлөгчид намаасаа хүн битгий дэвшүүлээч ээ гэж дурдсан
Гэвч хэн нь ч хариу ирүүлсэнгүй ээ!!!
Дэндүү харамсаж байна.
Монгол төр бүрэн утгаараа дууссан юм байнаа. ((байна аа))
Их хурлын гишүүний шаардлага асуулга, эдлэх эрх гэж байдаггүй юм байна аа
Бие даагч бол орж ирээд ч хэрэггүй танхим юм байна.
Хүн нохой хуцаад айдаг, нохой хуцлаа даа гэж боддог. Тэгэхэд бүхэл бүтэн сонгогдсон тойрогтой, түмэн олны дундаас итгэл хүлээж гарч ирсэн намайг нохойноос дор үзэж дарна гэж бодож байгаа бол санасны чинь гарз аа
Би Монголоо заавал гоё болгоно, Хараарай !!!
Би ажилдаа ирэхгүй байж үзлээ, ажил дээрээ хонож үзлээ. Одоо би яаж үзэх ёстой юм.
Би яс горьдож хүсэж байгаа юм биш ээ, Би зөв үнэнийг шаардаж байгаа юм. Жавхлан дуусахгүй, шатаж дуусах болоогүй. Нэг муу шаардлага, ганцхан асуултанд бүдэрч унаж байж ерөнхийлөгч болох яамай шүү…
Та нар тогос шиг гоёод, тогоруу шиг уран донгодоод, дэргэдээ эвтэй 4 амьтан хөтлөөд явж байсан ч гоё харагдахгүй ээ.
Туг дарцаг хийсгээд, олны танилыг хажуудаа суулгачихаад тэр хүн сайн хүн болчихдог. Бурхан амлаж буян буудаг гэж бодож байгаа бол тэр цаг чинь өнгөрсөөн.
Энэ их оруулж ирж буй харийн хар ажилчдаа харцгаа, хуульчилж байгаад намайг сонго гээд гүйж байгаагаасаа ичицгээ. Эгэл боргил түмнийхээ дунд явж сурцгаа.
Одоо энэ амралтын өдрүүдээр энэ ордонд нохой ч гүйхгүй байлгүй дээ, явж ядаж цамцаа ч болтугай сольё доо, би явлаа гарлаа.
Үүний дараа дахиад алхмууд байгаа !!!
Тэмцэл зогсохгүй үргэлжилнэ ээ
Миний дараагийн шатны тэмцэл бол
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг цуцлах ёстой !!!
Эх орноо бид энэ цагт аварч үлдэх ёстой
Ирээдүй хойчдоо сайхан Монголыг зөв үнэн Монголыг бэлэглэх ёстой
Залуус аа !!!
Нийлж нэгдье гэж хэлээд бичээд суух биш, биеэрээ бодитоороо ирэх цаг нь болсон шүү !!! хэмээжээ.