Монгол Улсад Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжин тэдний үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулахад туслах, худалдаа, үйлдвэрийнхний нийтлэг эрх ашгийг төрийн эрх барих болон гүйцэтгэх дээд байгууллагад төлөөлөх, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлэхийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажиллаж ирсэн тус танхимын хамт олон болон гишүүн байгууллагуудын үе үеийн ахмад ажилтнууд, нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь нийгмийн бүхий л салбарын хөгжлийн эрэлт хэрэгцээ, захиалгын дагуу 1960 онд байгуулагдсан цагаас хойш өөрийн хөгжлийнхөө үе шат бүрд тавигдаж ирсэн зорилтыг нэр төртэй биелүүлж, жил ирэх тусам үйл ажиллагаа нь улам өргөжин, өнөөдөр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн төлөөллийн томоохон байгууллага болсныг энд тэмдэглэхэд таатай байна.
Улсын хөгжлийн тулгуур нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд мөн бөгөөд тэдний үйл ажиллагааг дотоод болон гадаад зах зээлд дэмжих, гадаад худалдаа, инновац, гадаадын хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, зохицуулалтаар дамжуулан импортыг орлох, экспортыг дэмжсэн оновчтой бодлого, зохицуулалтаар дамжуулан арга хэмжээ авах шаардлага Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын энэ үед бидэнд тулгараад байгаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай сүүлийн хоёр жилийн хугацаанд нягт хамтран ажиллаж байна.
УИХ-аас дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих зорилгоор “Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хороо”, дэвшилтэт технологи ашиглан, орчин цагийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэх алхах боломж, инновацид суурилсан бодлогыг гаргах зорилгоор “Инновац, цахим бодлогын Байнгын хороог” тус тус шинээр байгуулан ажиллаж байна.
УИХ-аас 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас дэлхийн нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа хүндрэл бэрхшээлийг хохирол, эрсдэл багатай даван туулахад аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг бодлого, зохицуулалтаар дэмжихэд ихээхэн анхаарал тавьж ажилласан.
Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Doing Business 2020” буюу “Бизнес эрхлэлт 2020” судалгаанаас харахад Монгол улс “Бизнес хийхэд хялбар байдлын үзүүлэлт”-ээр 190 улсаас 81 дугаарт, цахилгааны шугамд холбогдсон байдлаар 152 дугаарт, дампуурал шийдвэрлэлтээр 150 дугаарт, хил дамнасан худалдаагаар 143 дугаарт байгаа бол бизнес шинээр эхлэх үзүүлэлтээр 100 дугаарт тус тус жагсаж байна. Үүнээс харвал манай улсын бизнесийн орчинд хийж, сайжруулах их ажил бидний өмнө байгааг харуулж байна. Бизнесийн олон үзүүлэлтээр Монгол Улс дунджаас дээш орлоготой улсуудаас зарим үзүүлэлтээр ахиц дэвшилтэй байгаа боловч Зүүн Азийн орнуудтай харьцуулахад төрийн хяналт шалгалт, зөвшөөрлийн систем дээр хоцрогдолтой байна. Энэ чиглэлээр холбогдох хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй байна.
Миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах үедээ Public Private Dialogue (PPD) буюу төр, хувийн хэвшлийн түншлэл хэлэлцүүлгийн механизмыг санаачлан байгуулж байсан. Үүнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим идэвхтэй оролцсон. Цаашид төрийн хууль тогтоомж, шийдвэр гарахдаа энэ механизмаар дамжуулан нэгдсэн санал бодлоо харилцан солилцдог болох нь зүйтэй. Энэ бол олон улсын туршлага.
Төр засгаас бизнес эрхлэгчдийнхээ санал бодлыг сонсохгүй биш сонсдог. Гэхдээ тэдгээр саналууд ихэвчлэн хоорондоо зөрөлдөөнтэй байдаг. Иймд бодлогоо нэгтгэхийн тулд танхимтайгаа нягт хамтран ажиллах шаардлагатай. Ингэвэл төрөөс хууль эрх зүйн олон шинэчлэлийг хийхдээ хувийн хэвшлийнхээ санал бодлыг сонсдог, тусгадаг болно. Үүний эхний алхам болгож УИХ-д холбогдох Байнгын хороодыг байгууллаа.
УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих Түр хороог байгуулахаар төлөвлөж байна. Бизнесийн орчинг дэмжих, Зөвшөөрлийн тухай хуулийг өөрчилж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох, цахим болгох замаар хөнгөвчлөх, зарим зөвшөөрлийг хүчингүй болгож бизнесийг үр ашигтай болгох, төрийн хүнд суртал чирэгдлийг арилгахад чиглэсэн дорвитой арга хэмжээг авч ажиллана.
Түүнчлэн, УИХ-аас 2020 оны ээлжит бус чуулганы хугацаанд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” баталж, Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш анх удаа хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагааг тодорхойлсон явдал нь эдийн засгийг хөдөлгөгч, суурь хүч болсон баялаг бүтээгчдийн дэмжих, хөгжлийн шатыг урагшлуулах, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд тулгуурласан гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Онол болон практикт ч ялгаагүй өрсөлдөөнөөс илүү бодлогын уялдаа холбоо, зохицуулалт байх шаардлагатайг харуулсаар байна. Энэ нь мэргэжлийн холбоод болон худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжин хэрэгжих нь зүйтэй юм. Цаашид бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгуулагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл ойлголцол их чухал бөгөөд үүнд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо чухал гэж харж байна. Энэ үүднээс Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль, Мэргэжлийн холбоодын хуулийн төслийг өргөн бариад байна.
Эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт хийх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц түвшинд зээлийн хүүг бууруулах чиглэлд санхүү, эдийн засгийн бодлого болоод хууль эрх зүйн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний хүрээнд УИХ-аас “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолыг баталсан. Зээлийн хүүг ирэх дөрвөн жилд 4 нэгж хувиар бууруулахаар төвлөсөн. Хүүний жигнэсэн дундаж хүү 15 хувь болж, энэ стратегийг баталснаас хойш 1 хувиар буурсан байна.
Энэхүү ажлын хүрээнд санхүүжилтийн өртөг багатай эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, экспортын санхүүжилт өсөж, банкны салбарт өрсөлдөөн эрчимжиж, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжирч, зээлдэгчийн эрэлт хэрэгцээ, боломжид таарсан шинэ санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргалт нэмэгдэх зэрэг өргөн хүрээтэй, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд багтсан нь бүхэлдээ дотоодын үйлдвэр эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн бодлогын зохицуулалт гэж үзэж байна.
МҮХАҮТ-ын оруулсан хувь нэмэр Монголд хувийн хэвшил, бизнес хөгжихөд их гэдгийг цохон тэмдэглээд, Танхимын гишүүд, танхимын үе үеийн удирдлага, ажилтнууд болон нийт бизнес эрхлэгчдэд МҮХАҮТ үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе!