УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өчигдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлэгт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл оролцон, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хуулийн төслийн тухай” илтгэл танилцууллаа. Тэрээр сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар танилцуулсан юм.
Манай улсад дөрвөн хүний нэг нь амьдралынхаа хугацаанд ямар нэг сэтгэцийн эмгэгт нэрвэгддэг бол хөдөлмөрийн чадвар алдагдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг байна. 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна. Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ 3 дахин их өртдөг гэжээ.
Судлаач Л.Насанжаргалын (2019) Улаанбаатар хотын хүн амын дунд архинд донтох эмгэгт хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг судалсан судалгаагаар 19-64 насны оролцогчдын дундаж нас 42.39±10.70, эрэгтэй 91.1 хувь, эмэгтэй 8.9 хувь байв. Ажил эрхлэлтийн байдлыг судлан үзэхэд 33.2 хувь нь ажилчин-албан хаагчид, 29.28 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 23.9 хувь нь ажилгүй, 7.5 хувь нь группт, 6.1 хувь нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон байжээ.
СЭМҮТ-ийн захирал доктор, профессор Л.Насанцэнгэл, манай улсад архинд донтох өвчтэй 93 мянган хүн бий. Иймд хүн амын дунд хавтгайрсан архидалтыг бууруулахын тулд архи, согтууруулах ундаа борлуулах цэгийг цөөрүүлэх, залуусын чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх соёл, амралтын газруудыг олноор байгуулахад анхаарал хандуулах шаардлагатай.
ДЭМБ-аас архидан согтуурахтай тэмцэхэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдах өдрийг цөөрүүлэхийг зөвлөдөг. Манай улсын хувьд сар бүрийн эхний өдөр архи худалдахыг хориглодог. Үүн дээр нэмж долоо хоног бүрийн ням гараг, мөн жилд нэг удаа Тамирчдын өдрөөр архи согтууруулах ундаа худалдахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах саналыг гаргалаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, хуулийн төсөлд тусгуулах санал” илтгэл танилцуулав. Тэрбээр согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сард нийт 18000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5120 хэрэг буюу 22.1 хувиар буурчээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн.
Нийт гэмт хэргийн 16.2 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 нэгжээр өсчээ. Архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байгаа аж. Энэ оны эхний 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгуулахаар ажиллаж байгаа гэв. Тухайлбал, архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савлагааны хэмжээг бууруулах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэнд, соёл, боловсролын байгууллага, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах саналыг гаргасан гэв.
Мөн үйлдвэрлсэн, импортоор оруулсан согтууруулах ундааны литр тутамд худалдан борлуулж буй зах зээлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан байна.
Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан борлуулах, үйлчлэхийг хориглох; уламжлалт зан заншил, архины зохисгүй хэрэглээ, түүний хор уршгийн талаар иргэд, олон нийтэд ухуулан таниулах, нийгэмд архинаас татгалзах эерэг хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх; 21 насанд хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтан нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгадаг байх зохицуулалтыг төсөлд тусгуулах саналтай байгаагаа илтгэв.
Уг хуулийн төслийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэн, батлуулахаар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
1 comment
Архитай л тэмцэн гэж худлаа юм хийж байгаа юм шиг өөр хийх зүйл зөндөөн бна
Энэ хэдэн улс төрчид мэдхийн дээдээр мэдэж байгаа
Ядуурал стресс ажилгүйдэл энэнтэй тэмц
Хариуцдагаас бултаж бүх бурууг архи руу өгөөд
Энэ хэдэн эмэгтэй их хурлын гишүүд даа ялангуяа
Сэтгүүлч мэрэгжилтэй бүр илүү мэдэж байгаа
Одоо битгий ийм хууль батлан гэж хайран цаг
Ажлын байр ядуурал энийг л ярь