“Би хуучин 50 дугаар сургуульд сурч байгаад энэ хичээлийн жилээс шинэ сургуульд шилжиж суралцсан. Хуучин сургууль руугаа 30-45 минутад очдог байсан бол одоо 15 минутын дотор хичээлдээ ирж байна” гэж 12 дугаар ангийн М.Анужин ярилаа.
“Ийм гоё сургуультай болгож өгсөн ах, эгч нартаа маш их баярлалаа, Аав, ээжийнхээ ачийг хариулахын тулд би энэ гоё сургуульдаа маш их онц сурна аа…” гэж нэгдүгээр ангид элссэн 6 настнуудын нэг Я.Маргад хэлж байна.
Энэ бол Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж, ашиглалтад ороод буй 149 дүгээр сургуулийн нээлт дээрх сурагчдын сэтгэгдэл юм.
Урьд жилүүдэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Нэг ээлжиндээ 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхэллээ. Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж буй бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.
Сурагч, багш, сурган хүмүүжүүлэгчид, барилгачид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон шинэ сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан зэрэг албаны хүмүүс уригдаж, баяр хүргэлээ.
Сайд Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэ барилга олон улсын стандартын шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох жишиг орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн бүх анги танхим, лабораторийн техник, тоног төхөөрөмж, тавилгыг хамтад нь шийдэж өгсөн” гэдгийг онцлон тэмдэглэлээ.