“Ерөнхий боловсролын англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлэгт МУБИС-ийн багш, доктор О.Мягмарсүрэн “Монгол Улсын боловсролын салбар дахь англи хэлний бодлого, хэрэгжилт, үр дүн” сэдвээр илтгэл тавьсан юм. О.Мягмарсүрэн докторын хувьд “Англи хэлний оноогоор тэргүүлж буй сургуулиуд нь төрийн бус сургууль байна. ЕБС болон их дээд сургуулиуд олон улсын стандартын дагуу үнэлдэг. Энэ нь шударга дүгнэгддэг учир дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
ЕБС-ийн сурагчдын англи хэлний түвшинг шалгаж, багш нарт хариуцлага тооцож болно. Улмаар үр дүнтэй сургалт явуулсан багшийг дэмжин заах аргыг нь түгээх хэрэгтэй.
“Lyric” гэх үгийг ЕБС төгсөгчдийн 80-90 хувь нь буруу дуудлагаар уншсан. Үүнээс англи хэлний түвшин харагдаж байна. Англи хэлний багшийг олон улсын оноотой байх шаардлага тавибал сурагчдын оноо ахина.Ингээд түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна” гэх мэт асуудлыг хөндөн ярьсан юм.
Ингээд түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ АНГЛИ ХЭЛНИЙ БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН
(ЕБС болон их дээд сургуулийн англи хэлний сургалтын жишээгээр)
Хэлний бодлого төлөвлөлтийг шинжлэх ухаан, судалгааны хамгийн сүүлийн үеийн ололт, амжилтад суурилж, оновчтой зөв боловсруулж хэрэгжүүлснээр бид зөвхөн эх хэлээ хөгжүүлж хамгаалаад зогсохгүй, дэлхийн бусад улс оронтой өөрийн ард түмний бүтээсэн түүх, соёлын баялаг уламжлалаас хуваалцан, мөр зэрэгцэн урагш алхах боломж нөхцөл бүрдэх юм.
Орчин цагийн нийгэм хэл шинжлэл, хэлний бодлого, төлөвлөлтийн талаарх дотоод, гадаадын эрдэмтдийн онолын бүтээлүүд, үзэл баримтлалыг судлан, нэгтгэн дүгнэж, дараах байдлаар дүн шинжилгээ хийв.
• Хэлний бодлого төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлага нь “хэлний статус төлөвлөлт” буюу хэлийг хэрэглэх статусыг тогтоох, “хэлний корпус төлөвлөлт” буюу хэлний хөгжлийг дэмжих, “хэл эзэмшихүйн төлөвлөлт” буюу хэлийг хэрэглэгчдийг дэмжих гэсэн хэл төлөвлөлтийн үндсэн 3 хэлбэр бүхий загварт тулгуурлаж байна. Хэлний бодлого төлөвлөлтийн орчин үеийн судалгааны ажлын ололт болох энэхүү онолын загварт тулгуурлан цогцоор авч үзэх, улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.
• Хэлний давамгайллын хамгийн гол шалтгаан нь улс орнууд бизнес, эдийн засаг, техник технологийн салбарын хоцрогдлоос сэрэмжлэх үүднээс англи хэлийг сонгож, шинжлэх ухааны (академик) хэл болгож байгаа явдал юм. Дэлхийн зарим улс оронд гадаад хэлний талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг авч үзэхэд англи хэлийг эзэмшүүлэх үндсэн хоёр хандлага байна.
Нэгдүгээрт, “ESL (English as a Second Language)” буюу ард түмэн нь хоорондоо англи хэлээр ярьдаг улс оронд, өөрөөр хэлбэл англи хэл давамгайлсан орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүс хоёр дахь хэл болгон судалдаг.
Хоёрдугаарт, “EFL (English as a Foreign Language)” буюу англи хэлнээс бусад хэл бүхий орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүс гадаад хэл болгон судлахыг хэлж байгаа юм. Манай орны хувьд англи хэлийг гадаад хэл хэмээн судлаж буй хандлага нь хамгийн тохиромжтой боловч хууль эрхзүйн баримтууд, сургалтын хөтөлбөрүүдэд яг аль чиглэлийн бодлого барьж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Ази, номхон далай орнууд англи хэл судалж буй туршлагаас харахад Энэтхэг, Малайз, Сингапур улс англи хэлийг хоёр дахь хэл болгон судалдаг бол БНСУ, Хятад, Япон, Тайланд улс англи хэлийг гадаад хэл хэмээн судалж байна. Ийнхүү гадаад хэл болгон судлахдаа их дээд сургуульд англи хэлийг өндөр түвшинд судалж, шинжлэх ухааны хэл болгож байна. Мөн “мэргэжил+англи хэл” гэсэн давхар мэргэжил эзэмших сургалтын шинэ загвар боловсруулсан байна.
Харин Монгол улсад англи хэлний боловсролын бодлогын талаар төр засгаас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг дүгнэхэд англи хэлний байр суурь бусад гадаад хэлнээс өндөр байж, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хөрөнгө хүч зарцуулжээ.
Энэхүү хөрөнгө хүчний ихэнх хувь нь дунд сургуулийн англи хэлний сургалт, сургалтын орчин, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгдсэн байна.
Гэтэл ЭЕШ-ийн оноогоор улсын хэмжээнд эхний 10 байранд орсон сургуулийн жагсаалтаас харахад олонх нь төрийн бус өмчийн сургуулиуд байгаа нь анхаарал татахаар асуудал юм.
Монгол улсын засгийн газар боловсролын салбарт, ялангуяа ЕБС-ийн түвшинд харьцангуй өндөр зардал төсөвлөж байгаа боловч бодлогын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, хариуцлага тооцох асуудал дутагдалтай байгаа учраас сургалтын үр дүн тааруу байна гэж үзэж байна.
ЕБС болон их дээд сургуулиуд англи хэлний сургалтын үр дүнг (Common European Framework of Reference for Languages, CEFR) олон улсын стандартчилагдсан хэлний үнэлгээг баримжаалан үнэлж байгаа бөгөөд анхан шатны А1-А2, дунд шатны В1-В2, гүнзгий шатны С1, C2 түвшний үнэлгээтэй байна. Олон улсын энэхүү шалгалт нь аливаа ашиг сонирхлын зөрчилгүй, шударга дүгнэгддэг тул дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.
Англи хэлний боловсролын хөтөлбөр, материал аргазүй, үнэлгээ, боловсон хүчний бодлогыг тоймлон авч үзэхэд ЕБС-нь хөтөлбөрийн дагуу мэдлэг чадвар эзэмшүүлэхгүйн буйн улмаас дараагийн түвшний сургуулиуд түвшин ахиулах бус, харин тухайн түвшний сургалт явуулж байгаа нь нотлогдсон.
12-р ангийн англи хэлний хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөний хувьд (high) A2, (low) B1 түвшинд хүртэл эзэмшихээр төлөвлөсөн байхад жил бүр их сургуульд элсэгчдийн англи хэлний түвшин тогтоох оноо буурсаар байгаа. Тухайлбал, 2017-2018 оны хичээлийн жилд МУБИС-ийн 3000 гаруй элсэгчдээс түвшин тогтоох шалгалт авахад 15 хүрэхгүй хувь нь B1 буюу дунд түвшинд тэнцэж байна.
Багш өөрөө өөрийнхөө ажлыг үнэлж сургалтын хөтөлбөрийн дагуу тухайн сурагчийг В1 түвшинд хүрсэн хэмээн 80-100 хүртэл оноо өгч байхад, сургалтын байгууллага тухайн үнэлгээг хөндлөнгийн хяналт, шалгалт, үнэлгээ хийхгүйгээр хүлээн зөвшөөрч суралцагдад гэрчилгээ, диплом олгосоор байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дурын гадаад хэлний сургалтын төвд англи хэлний түвшинг цаасаар эсвэл цахимаар 30 минутын дотор үнэ төлбөргүй шалгаж өгөх боломжтой байдаг шиг ЕБС-ийн үнэлгээ, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн юмуу холбогдох ажилтан (багш биш) хичээлийн жил бүр сурагчдийн англи хэлний мэдлэгийн түвшинг үнэлж болох юм.
Энэ жишгээр ЕБС-ийн англи хэлний багш нарын ажлын үр дүнг шалган тогтоож болно. Өөрөөр хэлбэл, 40 сурагчийн 60%-нь В1 түвшинд хүрсэн бол тухайн багш үр дүнтэй ажилласанд тооцож, улмаар 60%-ийг дээшлүүлэх болон үр дүнд хүрэхгүй байгаа багш нарт заах арга зүйгээ бие даан сайжруулж, сурагчдынхаа суралцахуйг судлах боломж олгон анхааруулж дараа дараагийн ажлаа төлөвлөх учиртай.
Харин үр дүнтэй сургалт явуулсан багш нарт урамшуулал олгож, тэдний заах арга зүйг түгээн дэлгэрүүлж, сурталчилах хэрэгтэй. Улмаар 12-р анги төгссөн сурагч хамгийн хямд зардлаар (45$) TOEFL PBT буюу олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, тухайн дүн нь хувиар үнэлэгдэн гэрчилгээн дээр нь бичигддэг болох тогтолцоо бүрдүүлж болно. Ийнхүү үнэлгээний бодлого хяналт, хариуцлагатай болвол бодлогын хэрэгжилт бодит үр дүнд хүрэх юм. Жишээ нь, багш танхимд англи хэлний нэг үгийг буруу дуудаж зааж өглөө гэхэд ямар ч хариуцлага одоогоор байхгүй байна.
Англи хэлний сургалтын бодит үр дүнг ийнхүү олон улсын стандартчилагдсан шалгалтын оноонд тулгуурлан дүгнэх боломжтой бол шинжлэх ухааны бусад хичээлийн үр дүнг тооцох боломж бас бий. Энэ бол PISA (program for international student assessment) буюу олон улсын сурагчдыг үнэлэх програм юм.
Жишээлбэл, математикийн бодлогын зааварчилгааг ойлгосон бол тухайн бодлогыг дэлхийн аль ч орны хүүхэд бодож чадна. Өөрөөр хэлбэл сургалтын хэл нь англи хэл биш боловч энэхүү шалгалтын оноогоор Хятад, Япон, Солонгос улс тэргүүлж байгаа туршлагыг судлах нь зүйтэй.
Хэдийгээр 1990-д оноос дунд болон их, дээд сургуулийн сургалтад англи хэл эзэмшүүлж эхлээд даруй 30 жил болж байгаа ч одоог хүртэл гадаад хэлний хэрэглээний хүрээ хязгаарыг тогтоож, үүрэг статусыг хуульчилж өгөөгүй, цаашид гадаад хэл, түүний дотор англи хэлний боловсрол олгоход баримтлах бодлогын бичиг баримт хэрэгтэй байна.
Харин 2015 онд УИХ-ын 12 тоот тогтоолоор баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” хэмээх баримт бичгийн 4.7 -д “гадаад хэлний сургалтыг эх хэлний суурь чадамжийг бүрэн эзэмшүүлэхтэй уялдуулан зохион байгуулах ба сургуульд заах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэжээ. Үүнээс үзвэл эх хэлний сургалтыг нэгдүгээрт тавина гэдэг санаа ойлгогдох бөгөөд гадаадын олон хэл дотроос англи хэлийг сонгон “үндсэн гадаад хэл” хэмээн тодорхойлсон байна.
Мөн “Монгол хэлний тухай хууль” (2015)- ийн 6.3-т “төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ЕБС-иас бусад ЕБС-д гадаад хэлийг 5-р ангиас эхлэн зааж болно” хэмээн тухайн сургалтыг явуулж эхлэх хугацааг тодорхойлсон байна. Энд хэл эзэмшихүйн төлөвлөлтийн хоёр чухал асуудлыг хөндсөн байна.
Өөрөөр хэлбэл, “сургалтын хэл” (language of instruction) хэмээх ойлголттой шууд холбоотой буюу гадаад хэлээр сургалт хөтлөн явуулах асуудлыг төрийн тусгай зөвшөөрлөөр шийдвэрлэх, хоёр дахь нь хүүхдэд хэдэн наснаас нь, хэддүгээр ангиас нь гадаад хэл зааж эхлэх нь хамгийн оновчтой болох асуудлыг шийдвэрлэсэн байна. Гэхдээ гадаад хэлний тусгай зөвшөөрлийг олгоход тавигдах шаардлага, журам байхгүй нь цаашид гадаад хэлээр сургалт явуулдаг сургуулийн тоо, түүнд хамрагдах хүүхдийн тоо эрс өсөхийг хязгаарлах боломж хомс, энэ нь эргээд ирээдүйн монгол иргэдэд үндэсний хэл соёлын дархлааг тогтоох, эх хэлээ нэгдүгээрт тавих төрийн бодлогод сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарах шаардлага байна.
ДҮГНЭЛТ
МУ-ын англи хэлний боловсролын бодлого, төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор тухайн асуудлыг онол, практикийн үүднээс судлаад дараах дүгнэлт гаргалаа.
Үүнд:
1. Эх сурвалжуудаас дүгнэхэд гадаад хэлний боловсролын бодлогыг төрийн бодлогын түвшинд авч үзэх асуудал дэлхийн улс орнуудад түгээмэл болж, англи хэлийг бүх шатны сургуулиудын “Сургалтын хэл” болгох хандлага даяарших шинжтэй болж байгаа энэ үед эх хэлний хөгжлийн асуудлыг хамтад нь авч үзэх хэрэгтэй байна.
2. Монгол оронд англи хэлний сургалтын үндэсний нэгдсэн стандарт болон суралцагчдын мэдлэг, чадвар, чанарын түвшинг тодорхойлох хөндлөнгийн хяналт шалгалт хийж үнэлэх үндэсний үнэлгээний тогтолцоо хэрэгтэй байгаа нь бидний судалгаагаар батлагдсан. Иймд сургалтын агуулга, арга зүйг сайжруулах, үндэсний нэгдсэн стандарт боловсруулах хэрэгцээ, шаардлага цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
3. ЕБС-ийн англи хэлний сургалт нь их дээд сургуулийн англи хэлний сургалтын үндэс суурь бөгөөд тухайн сургалтыг залгамж холбоотойгоор уялдуулах зайлшгүй шаардлага байна.
4. Боловсролын салбарын хэлний бодлогын асуудлыг амжилттай хэрэгжүүлэх гол хүч нь багш нарын ур чадвар юм. Цаг үеийн шаардлагаар боловсон хүчний зах зээлд англи хэлний өндөр мэдлэгтэй боловсон хүчний хэрэгцээ эрс өсөж байгаа өнөө үед дэлхийн 121 орны 10000 гаруй албан байгууллагууд ажлын байранд шаардах хэлний чадварыг TOEFL, TOEIC, IELTS зэрэг олон улсын стандарт шалгалтаар тодорхойлж, зарим сургуулиуд сургалтын хөтөлбөрийн үр дүнг дээрх шалгалтын оноогоор дүгнэж байгаагаас үзвэл тухайн шалгалт нь суралцагчдийн хэлний мэдлэг чадварыг сайжруулах, тэднийг үнэлэх дэлхийн стандарт шалгуур болохоос гадна олон улсын ажлын байрны зах зээлд өрсөлдөх, амжилтанд хүрэх үндэс болж байгаа нь харагдаж байна.
5. Мэдлэг нэг хүнээс нөгөөд дамждаггүй, харин хүн өөрөө мэдлэг бүтээдэг учир багш боловсон хүчний ажлын байрны шаардлагын хамгийн эхэнд олон улсын оноотой байхыг нарийвчлан зааж өгвөл тухайн багш өөрөө бие даан хөгжиж, мэдлэг бүтээх юм. Тухайлбал, Сурагчдыг В1 түвшин хүртэл бэлдэхийн тулд В1-ээс өндөр мэдлэгтэй багштай байх шаардлагатай. Мөн багш өөрөө өөрийнхөө ажлыг үнэлдэг системийг өөрчилж, хичээлийн жил бүр нийт суралцагчдын англи хэлний түвшин хэр дээшилсэн байгаагаар багшийн ажлын үр дүнг тооцож болно. Ингэснээр багш суралцагчдын хамтын ажиллагаа нэмэгдэж, бодит үр дүнд хүрэхийн төлөө хамтран зүтгэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжиж, суралцагчдаа амжилттай түвшин ахиулж байгаа бусад багшаасаа суралцах нөхцөл бүрдэх бөгөөд үр дүнд суурилсан сургалтын бодлого даруй хэрэгжих юм.
Н.ЦЭНДБАТ