Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа.
Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Энэ жил улирлын томуугийн үе нь цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг тул бид эмнэлгийн орны хүртээмж, амбулаторын үзлэгийн зохион байгуулалт, гэрийн үзлэг, хяналтыг сайжруулахаар ажиллаж байна.
Аравдугаар сараас томуугийн вакцин хийгдэж эхлэхээр хүүхдүүд, ахмадуудаа эхний ээлжинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Мөн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд нэмэлт ор бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтанд хамруулан чадавхжуулаад явж байна.
Иймд дүүргийн эмнэлгээс хүүхдийн тусламж, үйлчилгээ авах хүртээмж, чанар нэмэгдэх юм. ЭМЯ-аас ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийн асуудлыг анхаарч шийднэ” хэмээн онцлон ярьсан байна.