Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт баасан гарагт ажиллалаа. Энэ үеэрээ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцтай танилцав.
Тэрбээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч “Ковид-19” цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгана гээд чанаргүй юм хийж болохгүйгэдгийг анхааруулав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээнэ. Гэхдээ хөдөлгөөн нээнэ гэдэг нь бүрэн дуусгана гэсэн үг биш. 2022 онд ашиглалтад хүлээж авна” гэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар хоногт дунджаар5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд 12000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан. Энэ төслийн ажил нь өнгөрөгч оны дөрөвдүгээр сард эхэлж, 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан. Харин “Ковид 19” цар тахал, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн төслийн бүтээн байгуулалтын явц удааширчээ.Төслийн зам барилгын ажлыг дараах багц хэсгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Үүнд, 1. Баруун аймаг салах тойргийн уулзвараас “Хар модот” давааны ар хүртэлх 37,26 км автозам
2. Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам
3. Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45,74 км автозам
4. Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км автозам
5. Цайдам хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30,53 км автозам Зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх, зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллааг АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу олон улсын өрсөлдөөн тендерээр зохион байгуулжээ.
Зөвлөх компаниар “Ай Си Ти Сайн” консалтинг компани, гүйцэтгэгчээр гадаадын компаниуд, туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг сонгон шалгаруулж, улмаар гэрээгээ байгуулан ажлаа эхлүүлсэн аж.
2019 оны тухайд нийт ажлын 70 орчим хувийг гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч 24,86 хувийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Зам барилгын ажлын график, төлөвлөгөөний хоцрогдолд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл, нүүлгэн шилжүүлэлт, карьерийн зөвшөөрөл зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдэг тайлбар өгөв.
АХБ-аас гурван багц хэсгийн гэрээг 2020 оны арванхоёрдугаар сарын 31- нийг хүртэл сунгажээ. Зам барилгын хэрэгжилтийн ажлын явцыг тус бүрээр авч үзвэл,
Багц нэг: Баруун аймаг салах тойргийн уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37,26 км автозамын ажлын гүйцэтгэл 2020 оны есдүгээр сарын 10-ны байдлаар 69,01 хувьтай.
Багц гурав: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 47,74 км автозамын ажлын гүйцэтгэл 53,3 хувьтай.
Багц тав. Цайдамын хөндийгөөс Дарханы тойргийн уулзвар хүртэлх 30,53 км авто замын ажлын гүйцэтгэл 51,5 хувьтай бөгөөд дээрх багцуудын ажлыг ирэх аравдугаар сард багтааж дуусгана гэв.
Харин багц хоёр-Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45,5 км автозам, багц дөрөв-Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км авто замын ажлыг авсан компаниуд цар тахлын улмаас ажиллах хүчнээ авч чадаагүй. Тиймээс гэрээгээ цуцлах саналыг Азийн хөгжлийн банкинд тавьжээ.
Ирэх арваннэгдүгээр сард сонгон шалгаруулалт явуулж аж ахуйн нэгжүүдийг тодруулах юм байна.