Хотын хөдөлгөөн ихсэж, түгжрэлд цагаа бардаг үе маань хэдийнээ эхэлжээ. Ирэх долоо хоногоос хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэхээр энэ байдал улам ихсэнэ.
Харин түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төвд автомашиныг хоёроос илүү цагаар байрлуулахгүй байхаар болжээ. Энэ талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг Itoim.mn сайтад ярилцлагадаа дурьджээ.
Тэрбээр “Түгжрэлийг бууруулахаар ирэх сарын дундуур авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх гэж байна. Албан байгууллагын ажилчид өглөөнөөс орой хүртэл буюу 08.00-18.00 цаг хүртэл байгууллагынхаа авто зогсоол дээр машинаа тавиад орхичихдог. Энэ хооронд тухайн авто зогсоол ямар ч сэлгэлт хийх боломжгүй байдаг. Түүгээр үйлчлүүлж байгаа жолооч нар машинаа тавих боломжгүй, 20 гаруй минут зогсоол хайж явж түгжрэл үүсгэдэг. Тиймээс хотын төвд буюу их тойруу дотор автомашиныг хоёроос дээш цагаар байрлуулах боломжгүй байлгахаар зохицуулалтыг хийж байна. Тэгэхээр албан байгууллагынхаа гадаа өдөржин машинаа орхидог хүмүүс нийтийн тээвэр эсвэл такси үйлчилгээг сонгох хэрэгтэй болно. Үүнийгээ дагаад нийтийн тээвэр, такси үйлчилгээг цогцоор нь шинэчилж, боловсронгуй болгох шаардлага гарна” гэжээ.
Л.Баяр