Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан Франц иргэний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Франц иргэн бидэнтэй цахимаар холбогдсон. Тэрээр шинжилгээ өгөхөд эсрэг бие буюу дархлал маш сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлтэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл Ковид-19-ийн үүссэн эсрэг бие сайн байна гэдгийг тэндэхийн эмч нар ч хэлсэн байсан. Тухайн шинжилгээний хариугаа ч бидэнд зургаар явуулсан юм. Мөн тэрээр бидэнд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлсэн. Бидний нөр их хичээл зүтгэл, олон хүний нойр хоолгүй ажилласан хөдөлмөр, эмчилсэн 96.8 хувийн амжилтыг үгүйсгэж байгаа нь улс орноо эвгүй байдалд оруулахаас гадна дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа үйлдэл болсон. Эмч нар маань худал мэдээлэл өгсөн хүнд арга хэмжээ авахыг холбогдох албаныхнаас хүссэн. Франц иргэн ийм байдал үүссэнд маш их харамсаж буйгаа мөн илэрхийлсэн” гэлээ.
Л.Баяр