Цахим ертөнцөд “Анх-Отгон Францад очиж оношлуулаад коронавирусийн халдвар аваагүй байсан. Тиймээс манай улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн” гэх мэдээлэл тархаад байсан юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодрууллаа.
ЭМЯ-наас “Энэ мэдээлэл нь ор үндэсгүй. Францын иргэн энд эмчлүүлээд, баярласнаа илэрхийлээд явсан. Өөрийнх нь бие муу байгааг мэдэрч, Монгол Улсад эмчлүүлсэн. Ийм байх ямар ч боломжгүй” гэлээ.
Мөн энэ мэдээллийг Францын Элчин сайдын яамнаас тодруулахад, “Бидэнд ийм мэдээлэл ирээгүй. Ер нь хувь хүний эрүүл мэндтэй ямар асуудлаар мэдээлэл өгөх бидэнд байхгүй” гэсэн юм.
“Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 13.3-д “Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно” гэж заасан. Тиймээс холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.