“Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюутолгой” ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг.
Мөн “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.
Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх зорилгоор ТУЗ-ийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулах юм байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 30 хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүлээн авах ажээ.