Улаанбаатар /МОНЦАМЭ/. “King Tug” нэрээр мэргэжлийн боксын ертөнцөд танигдсан, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт ирэх бямба гарагт /2020.09.19/ Барбадосын ”Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдана.
Н.Төгсцогт өмсгөл дээрээ “Монгол үндэстэн, монгол хэл, бичиг үүрд” хэмээн монгол бичгээр бичсэн байна.
Мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн Дэлхийн аварга Н.Төгсцогт Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхийн төлөөх тулаанаа хийх бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу амжилттай дуусгаад АНУ-ын зүүн эргийг зорьжээ.
Тэрбээр К.Брийдитэй “title eliminator” статустай /хэн ялсан нь дэлхийн аварга цолны төлөө тулалдах эрхтэй болно/ Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд тулалдах юм. Тулааныг SHOWTIME сувгаар үзүүлэх юм байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг