Рок дуучин Брайн Уорнер буюу Мэрилин Мэнсон гурван жилийн дараа ээлжит цомгоо толилуулж байна. Мэнсон 1989 онд хамтлагаа үүсгэн байгуулснаас хойш гоцлол дуучнаар нь ажиллаж байгаа юм.
“We Are Chaos” нэртэй шинэ бүтээл нь түүний 11 дэх цомог болж байна. “Heaven Up side Down” цомгийн дараа гурван жил завсарласны эцэст шинээр гаргаж буй цомогт арван дуу багтжээ. Бичлэг хийхэд нь Мэнсонд кантри дуучин Шутер Женнингс тусалсан байна.
Цомгийн гол дуу өнөөдөр дэлхий ертөнцөд өрнөж буй хэрэг явдлыг харуулж байгаа гэж рок дуучин тодотголоо. “We Are Chaos дууг сонсох бүрд хорвоо эргэсэн мэт санагдах болно” хэмээн дуучин ярьсныг Billboard хэвлэлд онцолжээ.