Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар хэсэгт заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй холбогдуулан бусдын нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Европын зарим улсад хэрхэн зохицуулдаг вэ?
БУСДЫН НЭР ТӨРД ХАЛДАХ, ГҮТГЭХ
Үндсэн хуулийн эхийг баригч, гавъяат багш Б.Чимид агсны 85 насны ойг тохиолдуулан 2019 оны 11-р сарын 28-нд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын эрдэмтэн, Праг хотын Чарльсийн их сургуулийн зочин багш, хууль зүйн ухааны доктор Мартин Паус оролцож „Ерөнхий сайдад эс итгэх конструктив санал хураалт “ сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн билээ.
Доктор М.Паус бидний хүсэлтийн дагуу зарим сэдвийн хүрээнд товч мэдээлэл өгсний дотор Европын зарим улсад, тухайлбал Герман болон Чех улсад бусдыг гүтгэх, нэр төрд халдах үйлдэл хуулиар хэрхэн зохицуулагддаг тухай сэдэв хөндөгдсөн юм.
Дэлхий нийтэд цахим сүлжээ өргөжин тэлж, мэдээлэл солилцох нөхцөл бололцоо сайжрахын хэрээр бусдын нэр төрд халдсан мэдээлэл тараах тохиолдол болон боломж нэмэгдэж байгаа тул нэг талаас хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах, нөгөө талаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг зохистой харилцаанд байлгахын тулд хууль, эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох, шинэчлэх шаардлага тулгарч байна.
1. ХБНГУ
ХБНГУ-ын хувьд хууль, шүүхийн тогтолцоо харьцангуй тогтвортой байдаг. Иймд олон оронд хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа туршлагыг нь загвар болгон судалдаг. Тус улсад бусдын нэр төрд халдах үйлдлийг Эрүүгийн хуулиар дэлгэрэнгүй зохицуулж өгсөн байдаг байна.
•Эрүүгийн хууль: Бусдын нэр төрд халдах үйлдэл
•185-р зүйл: Доромжлох
•186-р зүйл: Бусдын нэр төрд халдсан мэдээлэл тараах
•187-р зүйл: Гүтгэх
•188-р зүйл: Улс төрд байр суурь бүхий хүний нэр төрийг гутаасан мэдээлэл тараах, гүтгэх
Ингэхдээ энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхой, нарийн заагладаг байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 187-р зүйлд заасан гүтгэх гэмт хэрэг нь нэр төрд халдсан мэдээлэл худал байх, зээлжих чадварт сөргөөр нөлөөлөх гэсэн 2 бүрэлдэхүүнийг агуулж байдаг. Хэрэв тараасан мэдээлэл худал гэдэг нь нотлогдох боломжгүй бол уг хуулийн 186-р зүйлээр зүйлчлэгдэнэ. 186 болон 187-р зүйлийн аль алины хувьд тухайн мэдээллийг нийтэд эсхүл хурал цуглаан дээр тараасан байх нь хүндрүүлэх нөхцөлд тооцогддог.
Энэ төрлийн үйлдэл нь Герман Улсад Эрүүгийн хуулиар зохицуулагдаж, үйлдлийн төрлөөс хамааран 2-оос 5 жил хүртэлх хорих ял эсхүл мөнгөн торгуулийн ял ногдуулахаар байна. Мөн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг тус улсын Иргэний хуулийн 253-р зүйлийн 2-ын хүрээнд гаргах боломжтой байдаг байна. Хугацааны хувьд хохирогч уг үйлдлийг олж тогтоосноос хойш 3 сарын дотор эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандаж болох бөгөөд хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд 3 жилийн дотор гаргах боломжтой.
2. Бүгд Найрамдах Чех Улс
Чех улсын тухайд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зохицуулалтыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай болон Иргэний хуульд тус тус заасан байна.
Тус улсын хуулиар гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 184-р зүйлээр зохицуулдаг. Харин хувь хүн, хуулийн этгээд эсхүл ганцаар аж ахуй эрхлэгчдийн зүгээс бусдыг доог тохуу болгосон, бусад хэлбэрээр бүдүүлгээр доромжлон нэр төрд халдсан үйлдэл нь нийгмийн хамтын амьдралд хор хохирол учруулж буй зөрчилд тооцогдон Зөрчлийн тухай хуулийн 7-р зүйлээр хариуцлага хүлээдэг байна. Иргэний хуулийн 81 болон 135-р зүйлээр хувь хүн болон хуулийн этгээдийн нэр хүндийг мөн хамгаалжээ. Нэр төрд халдсан хэрэг ийнхүү олон хуулиар зохицуулагдсан, эрүүгийн болон зөрчлийн хэргийн бүрэлдэхүүний нарийн зааг ялгаа дутагдалтайн улмаас эрх нь зөрчигдсөн этгээд эрхээ хамгаалуулахаар эрүүгийн болон иргэний шүүхэд дараалан хандан чирэгдэл үүсэх, ингэснээр шүүхийн ачаалал нэмэгдэх зэрэг сул тал ажиглагддаг гэж үздэг байна. (Иргэний хэргийн шүүхэд хохирогч өөрөө нотлох баримт бүрдүүлэх зарчим хэрэгждэг учир эхний ээлжид эрүүгийн шүүхэд хандан шаардлагатай нотлох баримтыг цагдаа, прокурорын байгууллагаар тогтоолгосны дараа хохирол нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд хандах тактик хэрэглэх болсноос эрүүгийн шүүхийн ачаалал ихэсчээ.)
Чех улсын Эрүүгийн хуулийн 184-р зүйлд заасан гүтгэх гэмт хэрэгт 1 жил хүртэл, хүндрүүлэх нөхцөлд 2 жил хүртэл хорих ял оногдуулахаар заажээ. Гэхдээ энэ улсын эрүүгийн эрх зүйн нэг онцлог нь 5 хүртэлх жилийн хорих ял оноохоор заасан гэмт хэрэгт ноцтой гэж үзсэн тохиолдолд хорих ялыг оногдуулдаг бол бусад тохиолдолд Эрүүгийн хуулийн 52-р зүйлд заасан бусад ялыг, тухайлбал мөнгөн торгууль оногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх зэргийг орлуулан хэрэглэж болохоор зохицуулжээ. Хуулийн этгээдийн хувьд эрх зүйн байдлаа алдах үр дагаварт хүрч болохоор заасан байдаг байна.
Сүүлийн үеийн явагдаж буй хэлэлцүүлгээр гүтгэх үйлдлийг гэмт хэргийн ангиллаас хасаж иргэний болон зөрчлийн эрх зүйгээр зохицуулах санал олонтаа яригдаж байна.
Нөгөө талаас энэ зүйл заалтыг Эрүүгийн хуульд үлдээсэн шалтгааныг Чехийн Үндсэн эрхийн харти дахь 10 болон 17 дугаар зүйлүүдээр тайлбарладаг. Тус хуулийн 10 дугаар зүйлд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах, хувийн амьдралд нь хууль бусаар халдах, хувийн мэдээллийг нь хууль бусаар цуглуулах, нийтлэх, тухайн хүний эсрэг ашиглахаас хамгаалах тухай заасан байдаг бол 17 дугаар зүйлд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах болон хэвлэн мэдээлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Ийм ч учраас ардчилсан шилжилтийн үеэс нээлттэй болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах болон хэвлэн мэдээлэх эрхийг хэтийдүүлэхгүйн үүднээс 2009 оны Эрүүгийн хуулийн шинэчлэлээр ч 184-р зүйлд заасан гүтгэх гэмт хэргийг хэвээр үлдээсэн байна.
3. Бусад улсын жишээнээс:
Олон улсын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан Европын Холбооны гишүүн орнууд мөн гишүүнээр элсэх хүсэлт гаргасан орнуудын холбогдох зохицуулалтуудыг харьцуулсан OUT OF BALANCE Defamation Law in the European Union (http://legaldb.freemedia.at/wp-content/uploads/2015/05/IPI-OutofBalance-Final-Jan2015.pdf) 2015 оны судалгаанд нийт 33 орон хамрагджээ. Үүний 23-т нь бусдыг гүтгэх нь гэмт хэрэгт тооцогддог ба Болгар, Хорват, Францаас бусад 20 оронд уг гэмт хэрэгт тодорхой тохиолдолд дунджаар 2 жил хүртэл хорих ял оноох зохицуулалттай байна. 2010-2015 онд Ирланд, Македон, Moнтенегро, Румын, Их Британи гэсэн 5 орон гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн ангиллаас халсан; Латви, Польш, Серби зэрэг улс энэ чиглэлд өөрчлөлт хийж байгаа; Итали, Литва улсууд эрүүгийн хуулийнхаа хүрээнд зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байгааг дурджээ.
Уг судалгаанаас үзэхэд Европын холбооны ихэнх орон, тэр дундаа Австри, Швейцар, Герман, Франц зэрэг эрх зүйн систем өндөр хөгжсөн орнуудад нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг эрүүгийн хуулиар зохицуулсан байдаг байна. Харин манай орны адил ардчиллыг шинэ тутамд хөгжүүлж буй шилжилтийн орнуудад голдуу тус заалтыг эрүүгийн хуулиас хасан иргэний болон захиргааны зөрчлийн тухай хуулиар зохицуулах практик ажиглагдаж байгаа юм.
Гүтгэх үйлдэл нь манай улсад Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах болсноор энэ төрлийн зөрчлийн тоо ихэссэн, тухайлбал сэтгүүлчид олон дахин мөнгөн торгууль төлөх тохиолдол гарснаас үүдэн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч, хэвлэлийн эрх чөлөө боомилогдоход хүрч байгаа талаар яригдах болсон. Бусдын нэр төрд халдах, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд зохицуулснаар хуулийн байгууллага хянан шалгаж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоож, ингэснээр талуудын эрх ашгийг хамгаалах боломж илүү бүрдэнэ гэж үзэх нь бий.
Сонирхуулахад ОХУ-д гүтгэх үйлдлийг 2011 онд Эрүүгийн хуулиас хасан захиргааны зөрчил шалган шийдвэрлэх журмаар хянах болсон ч жил хүрэхгүй хугацаанд Эрүүгийн хуульд буцаан оруулжээ.
Манай орны тухайд энэ тал дээр бусад орны туршлагыг харьцуулан сайтар судлаж, мэргэжлийн түвшинд дүгнэлт хийн зохистой шийдэлд хүрэх шаардлага тулгараад байна.
Эх сурвалж: www.mglbar.mn, www.gic.mn11