БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт ОХУ-д болох ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцсоныхоо дараа Монгол, Казахстан, Киргизистан улсуудад айлчлахаар болсныг өчигдөр Бээжин хотод болсон тус яамны хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг ССТV мэдээллээ. БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айчлал есдүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд үргэлжлэх ажээ.
Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа өгөхөөр амласан 30,000 толгой хонины эхний 10,000-г өгөхөөр болсон бөгөөд зүүн гурван аймгаас төвлөрүүлж байгаа тухай мэдээлэл цацагдаад байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30,000 толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа юм.