Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтын гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг коронавирусийн халдварын үед вирустэй нүүр тулан ажиллаж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зориулах юм байна.
Дараа нь жилийн 1.25 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаанд төлөгдөх 20 сая долларын зээлийг Дэлхийн банкнаас олгохоор болов.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ: “Эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөх 20 сая долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд аль болох өндөр хүүтэй бондын зээл авахгүйгээр урт хугацааны, хүү багатай эргээд төсөвт дарамт болохгүй арга хэлбэрийг эрэлхийлж ирсэн” гэж хэлллээ.
Дэлхийн банкны төлөөлөгч А.Михнев: Эхний нэг сая ам.долларын тусламж нь Дэлхийн банкны онцгой цар тахлын үед хэрэгжүүлж буй хөтөлбөрөөс Монгол Улсад олгож буй санхүүжилт юм. Энэхүү санхүүжилт цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилчдад зориулагдана.
Тэднийг халдвар хамгааллаас сэргийлэх хэрэгслүүд мөн шаардлагатай үед хэрэглэх эмэнд зарцуулагдана. Хоёр дахь, 20 сая долларын зээл нь нийгэм хамгааллын салбарт зориулах ёстой. Өмнө нь энэ чиглэлд бид нэлээд олон ажлыг санхүүжүүлж ирсэн юм. Дээрх хоёр санхүүжилт нь Монгол Улсын ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах учраас бид баяртай байна.