УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 8-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдлоо.
Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 2-ноос 7-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.
Дээрх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагдлаа.