Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “ЭТТ компанийн ТУЗ хоёрдугаар сарын хурлаараа 2019 оны орлогоосоо иргэдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Ингээд манайхтай ногдол ашиг зуучлуулан тараах гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар 2,512,768 иргэн, 486 ААН-д нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг шилжүүлэхээр байгаа.
ЭТТ компани 2020 оны тавдугаар сарын 5-нд 60 тэрбум, наймдугаар сарын 6-нд 40 тэрбум, наймдугаар сарын 25-нд үлдэгдэл 79.8 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь манай төвийн данс руу шилжүүлсэн. Ингээд мөнгө нь бүтэн орж ирсэн учраас иргэдийн ногдол ашгийг тараах ажлыг эхлүүлээд явж байна.
Өнөөдрийн байдлаар 1,883,000 иргэн ЭТТ компанийн хувьцааны данстай. Данстай иргэд үнэт цаасны компанидаа арилжааны банкан дахь дансаа өгч баталгаажуулсан нь 1,170,000 байна. Гэхдээ үүнийг баталгаатай гэж үзэхгүй учраас иргэдийн арилжааны банканд дахь дансны мэдээллийг баталгаажуулахаар 13 арилжааны банктай тулган баталгаажуулалт хийлээ. Ингэхэд 20 орчим хувь нь алдаатай байсан тул үнэт цаасны компаниуд руу буцаасан.
Ингээд есдүгээр сарын 1-ний байдлаар 857,491 иргэний баталгаажсан данс руу Төрийн сан дахь данснаасаа багцын гүйлгээгээр эхний ээлжийн шилжүүлгийг хийсэн. Урьдчилсан байдлаар 850,000 иргэний арилжааны банкан дахь дансанд ногдол ашгийн мөнгө шилжиж орсон байна” гэлээ.
Мөн өчигдөр өглөөнөөс эхлэн Ebarimt системээр дамжуулан үнэт цаасны компани дээр данс нээлгээгүй болон дансаа нээлгэсэн ч арилжааны банкан дахь дансаа баталгаажуулаагүй иргэд хувьцааны ногдол ашгаа авах эсэх талаар саналыг нь авч байна. Иргэд ногдол ашгаа хэзээ, ямар хэлбэрээр, яаж авахаа өөрөө сонгох эрхтэй.
ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байна гэсэн юм.