Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.09.03/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коранавирсээр 25 сая 726 мянган хүн өвчилж, 866 мянган хүн эндээд байна. Сүүлийн 24 цагийн дотор 245 мянган хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 37 мянгаар, эндэгдэл 1000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
ОХУ-д хоногт 4962 хүн шинээр халдвар авч, 115 хүн энджээ. Хятадад хоногт 20 тохиолдол бүртгэгдсэний 11 нь зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Японд хоногт халдварын тоо 592-оор нэмэгдэж, 14 хүн эндсэн байна.
Өмнөд Солонгост 195 хүн шинээр халдвар авчээ. Тус улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчлөл эрс нэмэгдэж байгаа учир дэгдэлтийн цар хүрээг нэмэгдүүлэхгүй байхын тулд зайнаас харилцах нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг улам эрчимжүүлэх хэрэгтэйг анхааруулжээ.
Мөн сүмийн үйл ажиллагаа, хүмүүсийн цугларалт зэрэг олныг хамарсан үйл ажиллагаанаас болж өвчлөл гарч байгаа гэв. Тус улс халдварын хоёр дахь давлагаатай тэмцэж байгаа энэ үед 10-аас дээш хүн цугларахыг хориглох, спортын тэмцээн уралдаан, хуримын үйл ажиллагааг хааж, хүмүүсийг хөл хорионд оруулах шаардлагатай байна гэжээ.