Иргэд эрүүл мэндийн боловсрол багатайгаасаа болж, өвчнөө хүндрүүлж, эцсийн шатанд очсон хойноо эмнэлэг барааддаг тухай энэ салбарт ажиллаж байгаа хүн бүр л ярьдаг. Хэнэггүй нэгэн байх ч эмнэлгийн үйлчилгээний чирэгдэл, оочир дарааллаас болж хүмүүс эмнэлгээс тойрдог талаар тэр бүр яриад байдаггүй.
Ямартай ч эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд ахиц дэвшил гарч, үйлчлүүлэгчдийн явдал, чирэгдэл, цагийг хэмнэх үйлчилгээг нэвтрүүлсэн тухай таатай мэдээлэл дуулдаж эхэллээ.
Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорилгоор 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв энэ сарын 1-нээс туршилтаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Эхний ээлжинд УНТЭ, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд цаг захиалгын нэгдсэн төв туршилтаар нэвтрүүлээд байна.
Тиймээс дээр гурван эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой болжээ.