Заримдаа өвчтөнүүд туршлагатай эмч нарыг ч гайхшируулдаг. Тэд чийдэн залгиж, нүдэндээ цавуу дусааж, мөнгөө байх ёсгүй газар хүртэл хадгалдаг. Тиймээс болгоомжтой байж, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрлаарай.
Бодит явдал болсон зүүд
Америк эмэгтэй Женна Эвансын 2019 онд Facebook-т тавьсан пост жинхэнэ шуугиулжээ. Хар дарж зүүдэлсэн сүйт залуу нь найз бүсгүйгээ хэдэн муу залуусаас сүйн бөгжөө нуухыг гуйжээ. Тэгээд залгихыг санал болгож гэнэ. Женна ч тэгж хийжээ. Гэтэл сэрээд хартал хураанд нь бөгж нь байхгүй, жинхэнээсээ залгисан болж таарч гэнэ.
Болсон явдалд инээдээ барьж явсан бүсгүй аврах албанд ханджээ. Рентгенээр бөгж үнэхээр ходоодон дотор нь орсон байсан гэнэ. Дотрын эмч нар байгалийн жамаараа гарахыг хүлээсэнгүй, хоолойгоор нь дуран явуулж, гадны биетийг олж аваад сүйт залууд нь өгч гэнэ. Эмэгтэй дахин бөгжөө залгихгүй гэж амлаад маргааш нь бэлзгээ авч, удалгүй хуримаа хийжээ.
Ходоодон доторх агуулах
69 гинж, 80 ээмэг, 46 зоос, 8 медаль, 11 алчуурны бөгж, 5 хутганы ар, бугуйн цагнууд. 2019 оны 06 сард Энэтхэгийн Баруун Бенгал мужид амьдардаг Руни Хатун хэмээх эмэгтэйн ходоодноос эмч нар эдгээр зүйлсийг гарган авчээ. Эд зүйлсийн ихэнхийг нь зэсэ, гуулиар хийсэн байна. Гэхдээ зарим нь алтан эдлэл гэнэ. Ходоодонд хадгалсан нийт эд зүйлсийн хэмжээ 1,6 кг. Харин нийт өртгийг нь тооцвол 5 сая хүрэхгүй рупий.
Гэрээс нь гоёл чимэглэл алдагдаж байгааг төрөл төрөгсөд нь анзаарсан ч эмэгтэй юу ч ярихгүй, энэ тухай асуух тоолонд уйлдаг байжээ. Яваандаа эмэгтэй гэдэс нь өвдөж, бөөлжиж, хоол идэхээ больжээ. Руни Хатуныг эмнэлэгт аваачих үед бие нь маш их сул, 5 литр цус юүлж, тэжээлийн бодисуудыг катетерээр дамжуулан хийж байв.
Рентгенээр өвчтөний ходоодонд гадны биетүүд байна гээд мэс засал хийсэн байна. Сүүлд нь эмэгтэй өлсөхөөрөө гоёл чимэглэлийн эд зүйлс залгидаг байснаа хүлээж, сэтгэцийн эмнэлэг хүргэсэн байна.
Утгагүй маргаан
Чийдэн амандаа хийгээд буцааж гаргаж чадахгүй эмчид хандах тохиолдол байнга гардаг. Зарим нь сонирхлын журмаар энэхүү “илбэ”-ийг үзүүлдэг бол зарим нь маргаанаар залгидаг гэнэ. 2016 онд Москвагийн оршин суугч Андрей Г. мөрий тавьж 60 ваттын чийдэн ам руугаа хийжээ. Харин чийдэн буцаж амнаас гарсангүй, эмнэлэг явахаас өөр аргагүй болжээ.
Булчин нь чангарсан болохоор чийдэн ямар ч аргаар гарахгүй болох нь тодорхой болов. Чийдэнг дотор нь хагалъя гэвэл амны хөндий гэмтэх эрсдэл маш өндөр. Үүний оронд булчин сулруулдаг тариа хийчихвэл гадны биетийг зовлонгүйгээр амнаас нь салгаж чадна. Эмнэлгийн тусламж авсан өнөөх эр гэртээ хариад 11 000 рублийн мөрийгөө авчээ.
Зүрхээ хатгуулсан нь
Шинэ жилийн эхний өглөө олон хүн толгой нь өвдөж сэрдэг. Мөн ходоод дотор нь ч муу байх бөгөөд хэд хоногийн дараа зүгээр болдог билээ. Гэтэл Аргентины иргэн Орасио Родригес Виделагийн таагүй байдал маш удаан үргэлжилжээ. Ингээд 2015 оны эхээр эмнэлэгт ханиадны шинж тэмдэгтэйгээр хандаж, эм уугаад ч эдгэхгүй, жингээ алдаж, цээжээр нь хөндүүрлэж байна гэж гомдоллох болжээ.
ЭХО-гоор үүнийг үзэх үед цээжинд нь гадны биет илэрч гэнэ. Эмч нар түүнийг өсвөр насанд нь цус сэлбэх үед үлдсэн катетерийн үлдэгдэл байх гэж таамагласан ч мэс заслын явцад зүрхэнд нь шүдний чигчлүүр зоогдсон нь илэрчээ. Ухаан орсных нь дараа олсон зүйлийнх нь талаар ярихад тэрбээр баярын ширээн дээр санамсаргүй чигчлүүр залгиснаа санажээ.
Даатгал бүхнийг шийднэ
Эм уухын өмнө савлагаан дээрх нэрийг нь дахин нэг уншихад хэзээд илүүдэхгүй. Америк эмэгтэй Кэтрин Гайдос үүнийг өөрийн туршлагаараа баталжээ. Энэ явдал 2015 онд гарсан юм. Эмэгтэйг гадуур явж байхад нүд рүү нь шороо оржээ. Тэгээд гудамжны цэвэрлэгчээс цүнхнээс нь нүдний дусаалга гаргаж өгөхийг гуйсан гэнэ. Гэтэл өнөөх нь анхаарал болгоомжгүйн улмаас савлагааг нь андуурч, эмэгтэй нүдэндээ супер цавуу дусаасан байна. Маш ихээр хорсож, эмэгтэй түргэн дуудахыг гуйн хашхирсан бөгөөд эмч нар ирэх үед эмэгтэйн нүд таг наалджээ.
Харамсалтай нь түүнд эрүүл мэндийн даатгал, эмчилгээний мөнгө байгаагүй тул эмнэлэг хүлээж авсангүй. Хөөрхий эмэгтэй хаагдсан нүдтэй 9 хонож, эмэгтэйн тухай түүхийг зурагтаар ярьж эхэлсэн байна. Ингээд өөр нэгэн эмч түүний нүдийг нээж, эвэрлэг бүрхүүлийг нь цавуунаас салгаж өгчээ. Азаар эмэгтэйн хараа аажмаар сэргэжээ.
Хамгийн найдвартай нууц газар
Мөнгийг хаана хадгалдаг вэ? Зарим нь түрийвчиндээ, зарим нь оймсондоо, хамгийн уйтгартай нь банкинд хадгалдаг. Колумбын нэгэн эмэгтэй Сандра Милена Альмейда тун өвөрмөц арга бодож, 2017 онд ходоодоо мөнгө хадгалах газар болгожээ. Эмэгтэй нөхөртэйгөө амрахаар мөнгө хуримтлуулж байтал нөхөр нь араар тавьж байгаа нь тодорхой болжээ. Тэгмэгц эмэгтэй Панам руу мөнгөө аваад явахаар шийдсэн байна. Төлөвлөгөө нурмагц нөхөр нь цуглуулсан мөнгөнийхөө тал хувийг нэхжээ. Ийнхүү дуулиан шуугиан дэгдэж, колумб эмэгтэй уурандаа нийт $9000 залгисан байна.
Харамсалтай нь мөнгийг нь эмч нар гаргаж авахаас өөр аргагүй болжээ. Үүнээс 57 ширхэг зуутын доллар хэрэглэж болохоор хэмжээнд гарч ирсэн бол үлдсэн нь ходоодны хүчилд түлэгдэж авахын аргагүй болжээ.
Алга болсон чихэвч
2019 оны 05 сард Тайваний иргэн Бен Хсу утасгүй чихэвч зүүн унттал маргааш нь нэг нь олдоогүй байна. Ингээд хаана байгааг нь шалгадаг функцээр төхөөрөмж өрөөнд байгаа гэж гарсан ч дохио яг хаанаас гараад байгааг мэдэх гэж нэлээд хугацаа оржээ. Гэтэл өрөөсөн чихэвчний дохио ходоодноос нь гарч байсан гэнэ.
Эмнэлэгт түүнд өвчин намдаагч уулгаад байгалийнх нь замаар гарах хугацаа өгчээ. Гайхалтай нь өнөөх чихэвчийг гарч ирсний дараа угаагаад, хатаагаад хэрэглэж үзтэл ажиллаад зогсохгүй 41% цэнэгтэй байсан гэнэ.
Яаралтай тусламжийн төвд ажилладаг эмч нар чихэвч хуванцар гадаргатайн ачаар ийнхүү бүрэн бүтэн үлдсэн гэж үзэж байна.