Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон хандив өрнүүлж Даланзадгад сумын дөрөвдүгээр багийн нэг гэр бүлийн зургаан охинд тусалсан байна.
Тухайн өрх долоон хүүхэдтэй бөгөөд зургаан охин нь дунд сургуульд сурдаг аж. Тиймээс тэдэнд хичээлийн иж бүрэн хэрэгсэл цүнх, хувцас, хүнсний зүйл ариун цэврийн хэрэглэлийг өгчээ. Уг хандивт “Гандирс худалдааны төв”-ийн худалдаа эрхлэгчид, аймгийн ГБХЗХГ-ын хамт олон оролцсон байна.
Тус аймаг энэ оныг “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Үүнийхээ хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд амьдралын боломж тааруу, сурах хүсэл сонирхолтой хүүхэд багачууддаа хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэхүү ажлыг санаачилсан бөгөөд 15 сумын нийт 144 хүүхдэд ийнхүү бодит тусламжийг үзүүлжээ.