Гэнэтийн мөнгөний шаардлага хэзээ ч гарахгүй юм шиг л бид өдөр бүрийг урсгалаар нь өнгөрүүлдэг. Түрийвчинд мөнгө байвал үрнэ, байхгүй байвал аргална, эсвэл хэн нэгнээс зээлнэ. Гэтэл нэг л өдөр лэптоп маань бидэнд “урьдчилж хэлэлгүйгээр” шатахад, машин маань гэнэт тар тар хийж эхлэхэд бид таарч болох эрсдлүүдэд бэлдэх хэрэгтэй байснаа ухаардаг.
Хуримтлал үүсгэхийн тулд сэтгэл зүйгээ юунд бэлдэх ёстой вэ?
Гэсэн ч тэрүүхэн үедээ “За одооноос л хуримтлалтай болъё” гэж боддог ч, хэд хоногийн дараа “Ямар олон амьдрах биш дээ” гэж бодоод байгаагаа бүгдийг нь дуусгаж байж л санаа амардаг. Хонгор минь, хуримтлал үүсгэхийн тулд хоёулаа хэд хэдэн зүйлд бэлтгэх хэрэгтэй болох нь ээ.
1. Хуримтлал яагаад чухал гэдгийг ухамсарла
Эхлээд үнэхээр хуримтлал үүсгэж, ирээдүйн хэрэглээндээ хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна уу хэмээн өөрөөсөө асуу. Сар бүрийн орлогоо ямар ч дорвитой зүйл болгож чадалгүйгээр үрж дуусгачихаад байгаа өөртэйгөө “тооцоо бодох”-оор шийдсэн бол мөнгөндөө хянамгай хандахад сэтгэл зүйгээ сургаарай. Тохиолдохгүй ч байж болох эрсдэлд зориулж мөнгө хураана гэхээр чиний санаанд буухгүй байж магадгүй. Гэхдээ хуримтлал нь чамд цаашид юу ч тохиолдсон сандарч, байдгаа зарж, өндөр хүүтэй зээл авах шаардлага гаргахгүйгээр тайван нь аргагүй халааснаасаа гаргаад өгчих санхүүгийн эрх чөлөөг олгодог юм. Заавал эрсдэлд бэлтгэж биш, ирээдүйд хийх зүйлдээ зориулж мөнгөө хураасан ч болно. Эхлээд тодорхой хэмжээний хуримтлалыг амжилттай үүсгэж чадсан найзаасаа юм уу, ах эгчээсээ зөвлөгөө ав. Тэд өөрийнхөө туршлагыг нүүр дүүрэн инээмсэглээд ярих вий. Хуримтлалынхаа ачаар зорилгодоо хүрсэн тухайгаа ярихдаа тэдний өөрсдөөрөө яаж бахархаж байгааг нь хараад чиний хуримтлуулах урам зориг ч бас нэмэгдэнэ.
2. Эхлээд наад зах нь сарын турш орлого зарлагаа хөтлө
Төсвийн дэвтэр хөтлөх ердөө ч хэцүү биш. Зүгээр л мөнгө орж ирэх, мөнгөө үрэх тоолондоо түүнийгээ гар утасныхаа note дээр юм уу, дэвтэр дээрээ тэмдэглээд байхад болно. Сарын сүүлд өөрийн зарлагыг төрөл төрлөөр нь ангилаад (бензин, такси, гар утасны төлбөр г.м) юунд хамгийн ихийг зарцуулж байгаагаа хараарай. Аль төрлийн зарлагыг танаж болохоор байгааг харчихвал чи хуримтлуулах хугацаандаа юунаас өөрийгөө хорьж, хязгаарлах ёстойгоо мэдээд авна. Нэгхэн сар хөтлөөд болих биш, цааш нь заавал үргэлжлүүлж хөтлөөрэй. Тэгэхгүй бол чиний хуримтлал үүсгэх бодол ч бас нэг мэдэхэд замхарчихна.
3. Багаас нь эхлэ
Өөрийгөө үрдэг биш хуримтлуулдаг бүсгүй болгохын тулд багаас нь эхлэх хэрэгтэй. Эхний ээлжинд таалагдаад байгаа нэг зүйлээ авахдаа зориулж мөнгө цуглуул. Жирийн үед бол яасан ч авахааргүй үнэтэй цүнх, гутал, гоёл чимэглэл гээд юу ч байж болно. Түүнийг авахын тулд сар бүрийн цалингаасаа хэдийг хураах ёстойг тооцоолж төлөвлөгөө гаргаад түүнийгээ хэрэгжүүл. Өмнө нь ямар, ямар төрлийн зарлагаа танаж чадах вэ гэдгээ олоод харчихсан шүү дээ. Одоо түүнд зарцуулдаг байсан мөнгөө хуримтлуулахаар тооцож төлөвлөөрэй. Гэхдээ хуримтлалын зорилго чинь эхний удаад богино хугацааны, дээд тал нь гурван сар цалингаасаа тодорхой хэмжээг нь хураачихад л авчихаж болохоор зүйл байх ёстой. Тэр зорилгодоо хүрсний дараа чи өөрөөрөө бахархаж, илүү том зорилго тавин, их хэмжээний мөнгө хураах зоригтой болно.
4. Юунд зориулж хуримтлуулахаа ол
Хуримтлалын чинь чиний ирээдүйн байрны урьдчилгаа болох ёстой юу? 2 жилийн дараа докторт суралцахад чинь хэрэг болох уу? Эсвэл ирэх зун Египетээр аялахад чинь зориулагдах уу? Их хэмжээний мөнгөн хуримтлалдаа томоохон зорилго тавь. Тэр зорилгынхоо төлөө өдөр бүр зүтгэ, хүс, тэмүүл. Авах байрныхаа зургийг дэлгэцэн дээрээ тавь, 2 жилийн турш докторт явах бэлтгэлээ хангаж сургуулиа судла, эсвэл Египетийн талаар мэдээлэлтэй болж аялалын компаниудынх нь вебсайтаар хэс. Ингэх нь чамд сар бүр огтхон ч эргэлзэлгүйгээр, үрчих сэдэлгүйгээр мөнгөнийхөө тодорхой хувийг дансандаа хийхэд туслах болно. Зорилгоноос гадна хугацаагаа тодорхой зоо. Заасан хугацаагүй зорилго хойшлогдох магадлал ихтэй. Хэрэв ямар нэг гэнэтийн мөнгөний хэрэгцээ гараад, хуримтлалаасаа үрсэн бол түүнийгээ хэдий хугацаанд нөхөж хийхээ ч гэсэн төлөвлө.
5. Хүмүүст хуримтлал үүсгэж байгаа тухайгаа хэл
Гэр бүлийхэн, итгэлт найзууддаа хуримтлал үүсгэж байгаа тухайгаа дуулга. Хийж байгаа зүйлээ зарлаж “гайхуулснаар” түүнийг хийх хүсэл улам төрдөг талтай.
6. Амьдралын хэв маягаа болго
Аливаа зүйлийг 49 хоногийн турш хийвэл зуршил болдог гэдэг. Өдөр бүр төсвөө хөтөлж орлого зарлагаа тооцсоноор чи өөрөөсөө харамладаг “нарийн” болчихгүй. Энэ нь зүгээр л чамайг ямар нэг хэрэгцээгүй зүйлд хэт их мөнгө үрэхээс сэргийлж, өөрийнхөө түрийвчинд орж гарч байгаа төгрөгт хариуцлагатай хандахад л сургаж байгаа юм. Тиймээс дансандаа мөнгө хийх, төсвөө хөтлөх, зорилгоо өөртөө сануулах зэргийг амьдралынхаа хэв маяг болго. Хамгийн боломжийн хүүтэй банкнуудаас гэртэйгээ ойр, харих замд таардгийг нь сонго. Мөн анхлан хуримтлал үүсгэх гэж байгаа хүнд хүүгээс хүү боддог зарчимтай хадгаламж таалагдана. Жилийн дараа гэхэд санаанд оромгүйгээр өссөн байх мөнгөнийхээ хэмжээг хараад шагнал авсан юм шиг л мэдрэмж төрөх болно. Хувийн туршлагаасаа зөвлөхөд Хас Банк-ны энгийн хугацаатай хадгаламж яг энэ зарчмаар явдаг учраас, мөнгөө өсгөхөд үнэхээр урамтай байдаг шүү. Энгийн хадгаламжийн жилийн зарласан хүү нь 14 хувь боловч, хүүнээс хүү бодох зарчмаар 15 хувь нэмэгддэг юм. Банкнуудын хадгаламжийн дансны нөхцлүүдийг харьцуулан тулгаж байгаад өөртөө хамгийн таалагдсан хувилбарыг сонгоорой.
7. Хуримтлалаа өөртөө дарамт болгож болохгүй
Хуримтлал чинь чиний хувьд жаргал байх ёстой болохоос дарамт болох ёсгүй. Хэрэв чиний хувьд сар бүр дансандаа мөнгө нэмэх нь төвөгтэй санагдаж байвал, энэ үйлдлээ өөртөө аль болох хялбархан болгох хэрэгтэй. Данснаас чинь шууд суутгагддаг хэлбэрийг сонгож болно. Сар бүр 100 мянгыг хийхэд бусад хэрэгцээ чинь хангагдаж хүрэхгүй байвал, хуримтлуулах хэмжээгээ цалин нэмэгдтэлээ 70 мянга болгож бууруулж болно. Энэ мэтээр чи өөртөө зориулж амар болгох бүхий л аргыг хэрэглээрэй. Данс руу чинь тогтмол орлого орох нь, тэр нь чиний тавьсан зорилго заасан хугацаанд нийцэж байх нь л чухал. Хэрэв тодорхой зорилго тавиагүй, хугацаагүй хадгаламж нээхээр төлөвлөж байгаа бол сард зарлаганаасаа хэмнэж болох дээд хэмжээгээрээ л дансандаа орлого оруулж байгаарай. Хуримтлал чинь чиний жаргалтай байх боломжоос хороогоод байгаа юм шиг мэдрэмж төрөх л юм бол чи дахин хураах сонирхолгүй болно. Тиймээс дансандаа хийх 100 мянгаас чинь гадна, чамд “Бусад” гэсэн шошгон дор төсөвлөж тооцсон 50 мянган төгрөгний нөөц байх ёстой юм. Тэр мөнгөөр чи тухайн сард болох найзын төрсөн өдөр, ангийхны гэнэтийн уулзалт, найз залуудаа авч өгөх бэлэг зэргээ “зохицуулах” хэрэгтэй. Хуримтлуулна гэдэг хэрэгцээгээ хасна гэсэн үг биш байгаа биз? Зөвхөн дэмий урсаж байгаа мөнгийг, хаачсан нь мэдэгдэхгүй алга болохоос нь өмнө дансанд хийгээд авах ёстой л гэсэн санаа юм.
Чи хуримтлал үүсгэхээр шийдсэн үү?