Харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших орчин нөхцөлийг сайжруулах, энгийн хүний адил мэдлэг боловсрол авах боломжийг бүрдүүлэх зорилгоор БШУЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Жайка Олон улсын байгууллагын санхүүжилтээр ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчдыг цахим ном уншигч \DAISY-E-PUB\ төхөөрөмжөөр бүрэн хангалаа.
Тус сургуульд суралцаж буй харааны бэрхшээлтэй сурагчдад брайл сурах бичиг болон брайлаар хэвлэсэн сургалтын нэмэлт материалыг багш нар өөрсдөө бэлтгэн хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо багш сурагч аль аль нь цахим уншигч төхөөрөмжийг ашиглан богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, багш сурагчдад даалгавар өгөхөд илүү хялбар болж байгаа юм.
Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдийг хамруулан сургалтын үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн 19 бүлэгт харааны бэрхшээлтэй нийт 121 сурагч суралцаж байна.
Тус сургуулийн сурагч болон багш нарт зориулсан 160 ширхэг цахим уншигч төхөөрөмжийг БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар тус сургуулийн удирдлага, багш нарт гардуулсан юм.