НҮБ-ын Хүүхдийн Сангаас Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) болон Цахим орчинд Хүүхдийг Хамгаалах Санаачилгатай хамтран Цахим Орчинд Хүүхдийг Хамгаалах тухай салбарын удирдамжийг 2014 онд шинэчлэн гаргасан.
Уг удирдамжид тусгасан цахим орчинд хүүхдийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар амлалт авч, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх салбар дундын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж байна.
2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг тусгайлан заасны дагуу хүүхэд, өсвөр үеийнхнийг дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэрэг, хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн техник, технологийн зохистой хэрэглээг дэмжиж ажиллах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллаж байна.
Мөн Олон Улсын “Бид хамгаална” загварыг хэрэгжүүлж, цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх ажлыг 2019 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр, ХНХЯ-аас салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж байгаа юм.
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-аар 2019 онд батлуулсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ХХЗХ хамтран Монгол Улсын хэмжээнд 400 гаруй Цахим тоглоом эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил зохион байгуулж, зөвлөмж, чиглэл өгч ажилласан.
Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх 2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд ЦЕГ-аас “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн криминологи судалгаа”, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” – ыг шинэчлэн боловсруулах ажлыг, Харилцаа холбооны зохицуулах газраас Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах филтер программ, аппликэйшн хөгжүүлэх, www.ekids.mn сайтын хөгжүүлэлт, Цахим орчинд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн талаарх гомдлыг мэдүүлэх порталыг бий болгох ажлыг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын 3 дугаар шатны сайжруулалтын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам