Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр БШУЯ- ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийлээ.
/БШУЯ- ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир/
Тэрбээр хэлэхдээ “Өчигдрөөс эхлээд ЕБС-иуд танхимын болон танхимын бус хичээлийнхээ хуваарийг гаргаад албан ёсны вэб хуудас, пэйжээр эцэг эхчүүдэд хүргүүлсэн. Есдүгээр сарын 1-нд зарим хүүхэд танхимын бус гэсэн хуваарьтай байвал сургууль дээр очихгүй. Албан ёсны вэб хуудас, пэйжид хүүхдийн тань хичээлийн хувуурь тавигдаагүй байвал анги удирдсан багштайгаа холбогдож, хичээлийн хуваариа эцэслэж аваарай.
2020-2021 оны хичээлийн шинэ жилийн есдүгээр сард зөвхөн бататгал хичээл явна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хичээлийн жилийн III, IV улиралд теле хэлбэрээр орсон агуулгыг бататгаад явах учраас эцэг эхчүүд маань нэлээд соргог байх ёстой.
Өнгөрсөн жил нэгдүгээр ангид суусан хүүхдийг энэ жил дахин нэгдүгээр ангид суулгах талаар санал хүсэлтүүдийг ирүүлсэн. Гэхдээ өнгөрсөн жил бид өгөх ёстой агуулгаа танхимийн болон танхимийн бус/теле хичээл/ сургалтаар өгсөн. Үүнийгээ бататгах агуулыг есдүгээр сард өгч байгаа учраас эцэг эхчүүд санаа зоволтгүй.
Өнгөрсөн хичээлийн жилд олон сар танхимын бус сургалтаар явсан хэдий ч энэ жил хэт их ачаалал өгөхгүй байхыг зорьж, тухайн хүүхдийн долоо хоногт авах ачааллыг тооцоолсон бөгөөд үүн дээрээ үндэслээд хичээлийн хуваариа гаргаж байгаа” гэлээ.
Л.Баяр