УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хоёр настай хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулсан талаар мэдээллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа “2 настай үрсээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулах 2 тэрбум төгрөгийн төсвийг УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилсныг парламент тодотголд оруулахаар100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр 2 настай хүүхэдтэй 80 мянган ээж ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна. Монголын үрс маш олон болтугай” гэжээ.
Тодруулбал, “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан 2 настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас 2.0 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан саналыг БСШУС-ын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, санал гаргасан УИХ-ын гишүүн П.Анужин нар уг саналын талаар тайлбар хийсэн бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг саналыг дэмжээгүй Төсвийн байнгын хорооны саналыг дэмжээгүй юм.
Л.Баяр