“Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар 21 аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга, БОЭТ, АНЭ-ийн удирдлагууд, төрөх тасгийн эрхлэгч, нийслэлийн 9 дүүргийн Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АШУҮИС, ЭХЭМҮТ, НӨАГ, НХАГ, НААГ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, холбогдох албаны хүмүүст хандан үг хэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Коронавируст халдварын үед эх, хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, дэлхийн чиг хандлага, эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогын асуудлыг авч хэлэлцэв.
Монгол Улс 2015 онд эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 26 хүртэл бууруулж, чадсанаар эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтот хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон билээ.
Мөн Монгол Улс дэлхийн Тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдэж, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан түүнийг хэрэгжилтийг хангахаар хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсруулан, батлуулж, мөрдөж ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэгдүгээр үе шат болох 2016-2020 оны шалгуур үзүүлэлтэд эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 25 болгох зорилтыг хангаж чадсан.
Тогтвортой хөгжлийн зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” гэсэн зарчимд тулгуурладаг бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон настангуудыг бүгдийг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай юм.
Иймд халдварт болон халдварт бус өвчлөлийн үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр эмч, эмнэлгийн ажилчдын аргазүй, туршлагыг нь нэмэгдүүлэх, орчин нөхцөлд нь тохируулан, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, ажиллуулахад “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа: Аймаг, нийслэлд эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс энд хүрэлцэн ирсэн байна. Бид өнөөдөр асуудлыг зөв олж харахгүйгээр шийдэл ярих боломжгүй юм. Тиймээс энэ зөвлөгөөн маш чухал ач холбогдолтой. Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр манай улс Мянганы хөгжлийн зорилтыг хангасан. Энэ амжилтаа бататгаж Тогтвортой хөгжлийн зорилтын нэгдүгээр шатыг хангасан нь Та бүхний хичээл, зүтгэл билээ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийг улс төрөөс хараат бус, хагас бие даасан засаглалтай болгох ажлууд хийгдэж байна. Ингэснээр эмнэлгийн байгууллагыг удирдаж байгаа, удирдлагадаа мэргэжлийн үүднээс нарийн зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж байгаа Та бүхний хариуцлага улам нэмэгдэх болно. Та бүхний ажил үйлсэд нь амжилт хүсье. Олон улсын байгууллагынхандаа талархал илэрхийлье. гэж хэллээ.
НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава хэлэхдээ: Монгол Улс дотооддоо Ковид-19 халдварыг алдаагүй нь дэлхий дахинд үлгэр дууриал үзүүлж байгааг онцлон хэлмээр байна. Энэ нь Монгол Улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоотой ажиллаж байгааг харуулж байна. Ковид-19 урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож байгаа бүх хүмүүстээ болон эмнэлгийн салбарынханд талархаж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам