УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.
Тус Байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлт гаргасан байна. УИХ-ын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн юм. Байнгын хорооны 2020 оны 3 дугаар тогтоолоор төсвийн тодотголын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, 1 тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан болохыг дурдав. Тус Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар талаар санал гаргажээ. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасны дагуу төсөл тус бүрийн заалт нэг бүрээр хэлэлцсэн бөгөөд тухайн төслийн зүйлтэй холбогдуулан тухайн Байнгын хорооны гишүүд, Ажлын хэсгээс гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулсан гэв. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу дагаж мөрдөх хугацааг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай нийцүүлэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэсэн саналыг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан бүх шатны эмч хөнгөлөлттэй жор бичих, эмийн сангууд хөнгөлөлт олгодог болох зохицуулалтыг тусгасан заалтуудыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 4 дүгээр зүйл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлүүдэд төслийн үзэл баримтлал, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл, хэсэг, заалтын дэс дараалал, дугаарлалтад өөрчлөлт оруулах саналыг мөн Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гишүүдийн олонх тус тус дэмжээгүй байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Дараа нь хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 12 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.